Apr 27, 2023

АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч “Ирээдүйн уурхайчидтай” уулзлаа

АМЕП  2 хөтөлбөрөөс дэмжин ажилласан “Future Miners” арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци санаачлан, Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага ба боломжит олон улсын тэтгэлгүүдийн танилцуулгыг ирээдүйн мэргэжлээ сонгохоор эрэл хайгуул хийж буй ахлах болон дунд ангийн сурагчдад зориулсан юм. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 500 гаруй сурагч оролцож, “Эрдэс баялгийн салбарын боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлага”, “Тэтгэлгүүдийн боломж хаана байгаа вэ”, “Уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэх олон улсын туршлага” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз “Уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэх олон улсын туршлага” сэдвээр илтгэл танилцуулсан бөгөөд уул уурхайн салбартай шууд болон шууд бусаар холбогддог 120 гаруй ажлын байрны тухай, эдгээр ажлын байранд зөвхөн их сургуулийн диплом гэлтгүй мэргэжлийн гэрчилгээ, мэргэшүүлэх сургалтаар баталгаажуулсан үнэмлэхтэй ажиллаж болдог талаар онцолсон юм. Геологи, уул уурхайн салбар нь үндсэндээ дөрвөн мөчлөгтэй байдаг. Тэгвэл энэхүү дөрвөн мөчлөг бүрт тухайн хугацааны онцлогоосоо хамааран мэргэшсэн, хагас мэргэшсэн, мэргэжилтэй ажилтнуудын хэрэгцээ шаардлага тулгардаг болохыг, мөн уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага дата анализ, роботик, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд явж байгааг ч илтгэлээрээ танилцууллаа.

Рена Гүэндүэз нь эрдэс баялаг, инженерингийн салбар, тэр дундаа байгаль орчин, тогтвортой байдал, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй олон улсын мэргэжилтэн юм. Энэ ч үүднээс тэрээр олон улсын хөгжлийн хөтөлбөрийн төслүүдийг Этиоп, Мексик, Афганистан болон Монгол Улсад удирдан ажиллаж буй туршлагаасаа хуваалцаж, аливаа мэргэжилтэн боломжуудыг эрэлхийлж, өөрчлөлт, шилжилт хийхэд хэзээд бэлэн байхын чухлыг өөрийн амьдрал, карьерын туршлагадаа тулгуурлан онцлон дүгнэлээ.

Санал болгох