May 02, 2023
БОНЗ-ын цуврал сургалтад гурван талын төлөөллүүд идэвхтэй оролцлоо
АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс “Олборлох үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан БОНЗ-ын арга зүй” сэдвээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 40 орчим төлөөлөлд зориулсан цуврал сургалтыг зохион байгууллаа.
“Олборлох үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан БОНЗ-ын арга зүй” цуврал сургалт 04 дүгээр сарын 11, 28-ны өдрүүдэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулагдсан бол 05 дугаар сарын 02-ны өдөр төрийн байгууллагын төлөөлөл оролцсоноор өндөрлөлөө. Энэхүү сургалтаар БОНЗ-ын талаарх үндсэн ойлголт, тавигдах шаардлага, тайлагнах арга, аргачлалыг танилцуулж, олон улсын болон Монголын сайн туршлагуудаас хуваалцсан юм.
БОНЗ хэмээх ойлголт нь олон улсад, тэр дундаа эрдэс баялгийн салбарт чухалд тооцогдох болсон бөгөөд тогтвортой хөгжилд оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагаанд суурилдгаараа онцлог. Энэ ч үүднээс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцогч талууд БОНЗ-ын талаар ихээхэн сонирхож байна. Сургалтын явцад ч БОНЗ-ын ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж эхэлснээр ил тод, нээлттэй, байгаль орчны асуудлыг чухалчлан авч үздэг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахыг эрмэлздэг, орон нутгийн харилцаанд зөрчил, маргаан буурсан орчин бүрдэж болохыг оролцогчид онцлон дурдаж байлаа.
АМЕП 2 хөтөлбөр нь “Байгаль орчин, Нийгмийн сайн сайхан, Засаглал, Хариуцлагатай санхүүжилтын талаарх Монголын уул уурхайн компаниудын ойлголтыг нэмэгдүүлэх” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь үндэсний болон олон улсын уул уурхайн компаниуд, санхүүжүүлэгч болон шийдвэр гаргагчдад БОНЗ хэмээх ухагдахууны талаарх ач холбогдлыг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. БОНЗ-ын ойлголтыг нэмэгдүүлснээр стандарт сайжирч, Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл нэмэгдэж, урт хугацаандаа хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.