May 04, 2023
Багийн ахлагчийн зурвас - Тавдугаар сар
АМЕП 2 хөтөлбөрийн эрхэм нөхөд, хамтрагч, хамтран ажиллагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе,
Урин цаг ирж байгаа энэ сайхан өдрүүдэд та бүхэндээ хөтөлбөрийнхөө сүүлийн үеийн мэдээллүүдээс хүргэе хэмээн үзэглэж байна. 2022 оны 07 дугаар сараас хойш бид хамтрагч байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдтэйгээ төслийн төлөвлөлтөөс эхлэн суурь судалгаа, үнэлгээ, хэрэгжүүлэлтийг гүйцэтгэж, сүүлийн өдрүүдэд зарим тайлагнал, үр дүнгээ гаргахаар шамдан ажиллаж байна. Сар шинийн баяраас хойш буюу өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн бид эрдэс баялгийн салбарын зарим чухал судалгаануудын үр дүнг танилцуулан хэд хэдэн хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулаад байна. Тухайлбал, бид “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь”, “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” төсөл болон “Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)”, “Орон нутгийн харилцаан дахь нийгмийн зөрчил, маргаан”, “АМНАТ ба Татвар” зэрэг чиглэлд хийгдсэн түргэвчилсэн судалгааны ажлуудыг дурдаж болно. Эдгээр судалгаанууд эхнээсээ манай веб хуудаст нээлттэй байршиж байгаа бөгөөд сонирхсон хүн бүр өөрийн ажил, судалгаандаа ашиглах боломжтой.
Өнгөрч буй дөрөвдүгээр сар оролцогч талуудад зориулсан үйл явдал, арга хэмжээгээр дүүрэн байсан бол энэ эрчим тав болон зургадугаар сард үргэлжлэхээр байна. Тиймээс та бүхэн манай арга хэмжээнүүдэд оролцож, бидэнтэй нэгдээрэй. Мөн бидний сүүлийн жилийн “Жилийн Ажлын Төлөвлөгөө”-ний ажил эхэлсэн. Сүүлийн жил хэмээн тодотгохын учир нь энэ оны төгсгөлөөр манай хөтөлбөр хаагдаж, 2024 оны эхний гурван сарын дотор үйл ажиллагаагаа бүрэн дуусгах юм. Харамсалтай нь, бид хөтөлбөр хаагдаж байгаатай холбоотойгоор энэ хугацаанд хамтын ажиллагааны санал хүлээн авахгүй болсон билээ.
АМЕП хөтөлбөр анх эхэлсэн 2015 оноос хойш цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөн оджээ. Энэ хугацаанд бид жил бүр 5-10 төсөл хөтөлбөрийг тоолж барамгүй хамтрагч байгууллага, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Нэгэнтээ бидний хөтөлбөр дуусах хугацаа ойртож байгаа тул хамтрагч, хамт ажиллагч эрхэм нөхөд та бүхэн маань АМЕП хөтөлбөртэй хамтран ажиллаж, улс орныхоо эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, чадавхжуулахад хувь нэмрээ оруулан, онцгой нэгэн хамтын ажиллагааг бүтээлцсэн түүхээсээ бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Бид үлдсэн хугацаандаа та бүхний санал, сэтгэгдлийг тэсэн ядан хүлээж байя.
Эцэст нь, энэ жилийн орон нутгийн болон үндэсний хэмжээнд явуулж байгаа төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хуучин болон шинэ хамтран ажиллагч нөхөд та бүхэнтэйгээ уулзаж, мэндчилэхийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлье.
Гүнээ хүндэтгэсэн,
Рена Гүэндүэз