Геологи бол уул уурхайд онцгой чухал байр суурь, үүрэгтэй салбар билээ. Тийм ч учраас Австрали-Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (АМЕП) нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас буюу 2015 оноос хойш Геологийн салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ч үүднээс АМЕП 2 хөтөлбөр 15 дахь удаагаа зохион байгуулагдсан “Монголын Геологи Хайгуул 2023” чуулганд оролцож, илтгэл танилцуулж, байгууллагуудын үзэсгэлэн арга хэмжээнд нэгдсэн юм.
Өнгөрөгч 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү чуулганд АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз илтгэл танилцуулсан бөгөөд тэрээр “Геологи, хайгуул бол уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтын тогтвортой байдлыг хангах гол хүч юм” гэдгийг тэмдэглэн хэлсэн. Ийнхүү тэрээр АМЕП хөтөлбөрийн 2015 оноос хойшхи геологийн салбарт хэрэгжүүлсэн 10 гаруй төсөл хөтөлбөрөөс танилцуулж, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хийгдсэн “Үндэсний геологийн албаны гео-мэдээллийн санд хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын тайлангийн мэдээллийг нэгтгэх нь” болон “Геологийн каталог систем MonGeoCat” төслүүдийг онцоллоо. Мөн АМЕП хөтөлбөр нь “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж”-ийг 20 гаруй элемент дээр боловсруулах төслийг амжилттай гүйцэтгэснээс гадна хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж болох нүүрсний давхаргын метан хий хайх, олборлох чиглэлд дэмжлэг үзүүлж Австралийн туршлагаас Монголд танилцуулж, харьцуулсан дүгнэлт зөвлөмж гаргах төслийг хэрэгжүүлсэн байдаг.
АМЕП 2 хөтөлбөр нь 2022-2023 онд хэрэгжүүлж байгаа төслүүдээрээ дамжуулан геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах болон сум, орон нутагт геологийн шинжлэх ухааныг таниулах цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа тухай ч Багийн ахлагчийн илтгэлд онцлон дурдагдсан.
Чуулганы хүрээнд байгууллага танилцуулах үзэсгэлэнд АМЕП 2 хөтөлбөр нэгдэж, 100 гаруй зочдод үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч байлаа.