Apr 21, 2023
Компаниудад орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж болох арга хэрэгслүүдээс танилцууллаа
АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс “Геологи, уул уурхайн компанийн орон нутгийн харилцааг сайжруулах нь” уулзалтыг 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж буй хоёр дахь албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг бөгөөд энэ удаа төсөл хэрэгжиж буй гурван суманд үйл ажиллагаа явуулж буй компаниудын 16 төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Эрдэс баялгийн салбарт орон нутагтай хамтран ажиллах, оролцоог хангах, мэдээлэл түгээх ажлуудын үнэлгээ”-ний эцсийн тайлан, энэхүү тайлангийн үр дүнд үндэслэн боловсруулсан “Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны төлөвлөгөө” болон гарын авлагыг танилцууллаа. Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах стратеги, төлөвлөгөө нь оролцогч талуудын хамтын ажиллагааг үүсгэх, хөгжүүлэх, бэхжүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл, үйл ажиллагаануудыг санал болгож байгаа бөгөөд компаниуд үйл ажиллагааны онцлог, нөхцөл байдалдаа тохируулан авч ашиглах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буй. Уулзалтын үеэр мөн сум тус бүрт жишиг болгон зохион байгуулах “Нээлттэй өдөрлөг”-ийн хөтөлбөрийг танилцуулж, компаниуд орон нутгийн иргэдтэйгээ харилцаа, хамтын ажиллагаа үүсгэх эхний алхмаа үр дүнтэй байлгахад хэрхэн, яаж оролцоотой байх талаар зөвлөлдөж, хэлэлцлээ.
Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд эргэх холбоо бүхий харилцаа, иргэд, малчдын дуу хоолой, оролцоо, санал хэлэлцүүлэг дутагдаж байгаа нь судалгааны үр дүнгээр тодорхойлогджээ. Энэ тухай АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз хэлсэн үгэндээ “Орон нутгийн харилцаа бол маркетинг, сурталчилгааны аль нь ч биш. Энэ бол иргэдтэйгээ, засаг захиргаатайгаа биечлэн уулзаж, тогтмол үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх билээ” хэмээн онцолсон бол судалгааны багийн гишүүд “Одоогийн байдлаар орон нутгийн харилцаа зөвхөн нэг шугамтай байгаа мэт харагдаж байна. Компани зөвхөн засаг захиргаатайгаа харилцдаг. Иргэдтэй уулзаж, мэдээллээ хүргэдэг ч эргээд хариу өгөх, харилцах, иргэдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах зэрэгт хамтын ажиллагаа дутагдаж байна”, “Үр дүнтэй орон нутгийн хамтын ажиллагаа нь гурван талын тэгш оролцоо, биечилсэн уулзалт, иргэдээ сонсдог, оролцуулдаг, эргээд хариу өгдөг, хариуцлагатай харилцаан дээр тогтдог” гэдгийг дүгнэн хэлэлцлээ.
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад хамтрагч байгууллага, оролцогч талууд хамтран геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумдад хэрэгжүүлж байгаа билээ.