Jun 07, 2023

Геологи, байгаль шинжлэх ухааны сургалтад 400 гаруй сурагч, багш нар хамрагдлаа

Геологи бол ЕБС-ийн сурагчдад дэлхий ертөнцийг таних чухал шинжлэх ухаан төдийгүй уул уурхайн салбарт хайгуулын гарц билээ. АМЕП 2 хөтөлбөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааныхаа хүрээнд залуу үедээ байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа хүмүүс бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж буй эрдэс чулуулаг, металын ашиг тус, үнэ цэнийн талаар илүү ихийг сурч мэдэх боломжийг олгохоор зорин ажиллаж буй. Энэ ч үүднээс “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд төсөл хэрэгжиж буй Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумын ЕБС-ийн сурагч, багш нарт геологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр 3 удаагийн богино хугацаат сургалтыг зохион байгуулж дууслаа. Сургалтаар Геологийн багш нар дээрх сумдын сурагч, багш нарт зориулан чулуулаг цуглуулах, ялгах, тодорхойлох, турших хичээлүүдийг зохион байгуулсан билээ.
 
АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс төсөл хэрэгжиж буй гурван сумын сургуульд геологи, байгалийн шинжлэх ухааны хичээлийн чухал хэрэглэгдэхүүнүүд болох эрдэс чулуулгийн дээжийн коллекциуд, дагалдах сургалтын материал, багш нарт зориулсан гарын авлага, томруулдаг шил болон бусад хэрэгцээт зүйлсийг хүлээлгэн өгсөн. Сургалтын явцад сурагчид идэвх, сонирхолтой оролцож байсан төдийгүй зарим сурагч ихээхэн урам зориг авч байсны дотор “Геологи маш их таалагдаж байна. Сургуулиа төгсөөд геологич мэргэжилтэй болно оо” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан нь ч бий. 2023 оны гурав, дөрөв, тавдугаар сард сум тус бүрт зохион байгуулагдсан нийт 9 удаагийн сургалтад 400 гаруй (давхардсан тоогоор) сурагч, багш нар хамрагдлаа.

Санал болгох