Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын “Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай суманд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бүрэгхангай сумын Соёлын төвд болсон энэхүү арга хэмжээнд сумын 150 гаруй иргэн хүрэлцэн ирж, “Мэдээллийн Өртөө гэр”-үүдээр зочилж, эрдэс баялгийн талаар мэдээ, мэдээлэл авч, уурхайн орчинд бодит мэт очиж үзэх виртуал аялал хийн, байгалийн шинжлэх ухаан болон байгаль орчны мониторингийн хэмжилт хийх сонирхолтой туршилтад оролцох, хөгжөөнт, уралдаант таавар тоглоомд нэгдэн, мөн МУГЖ Ш.Алтанцэцэгийн жүжигчдийн багийн урлагийн тоглолт үзэж сонирхон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 нь (АМЕП 2) Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад оролцогч талуудтай хамтран 2022-2023 онд “Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд сонгогдсон гурван сум болох Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нөхцөл байдлын судалгаа, компаниудын дугуй ширээний уулзалт, сум тус бүрийн онцлогт тохирсон жишиг стратеги төлөвлөгөө болон гарын авлага боловсруулах зэргээр шат дараатай ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд Бүрэгхангай суманд зохион байгуулагдсан “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал”-аар сум тус бүрт хийгдэх нээлттэй, өдөрлөг арга хэмжээ ийн өндөрлөж байна.
Бүрэгхангай сумын эрдэс баялгийн салбарын онцлог
Бүрэгхангай сум нь Булган аймгийн бусад сумтай харьцуулахад ашигт малтмалын нөөц элбэг, ан амьтан, говь хангай хосолсон үзэсгэлэнтэй байгалиараа онцлог. Ашигт малтмалын нөөцийн хувьд алт, зэсийн хүдэр, нүүрс, жонш, шохойн чулууны орд илэрцүүд судлагдаж, 1993 оноос эхлэн алтны уурхайнууд байгуулагдаж эхэлсэн байна. Бүрэгхангай суманд нийт 48 компани 71 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд хайгуулын 19, ашиглалтын 52 тусгай зөвшөөрөл байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 45 нь алтны шороон орд, 6 нь төмрийн хүдрийн, 1 нь зэс молибденийн ордын тусгай зөвшөөрөл байгаагаас 2023 оны байдлаар 9 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хайгуулын 10 компани үйл ажиллагаа явуулж байна.
Тус суманд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо нь Булган аймгийн нийт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 70 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд бичигддэг. Мөн Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог тул тус сумын нутгаар дайран өнгөрдөг Туул гол дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг нь хоёр сумын нутаг дэвсгэрийг дамнан байрладаг байна.
Төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар Бүрэгхангай сумын иргэд уул уурхайг ажлын байртай, орлоготой болоход, улмаар Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, компаниудын нийгмийн хариуцлагын ажил зэрэг нь сумын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна гэж дүгнэдэг. Харин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах, нөхөн сэргээлтээ 100 хувь гүйцэтгэдэг байх хэрэгтэй хэмээн үздэг байна.