Jun 12, 2023
“Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” сургалтын оролцогчид батламжаа гардан авлаа
АМЕП 2 хөтөлбөрийн “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” төслийн хүрээнд хийгдсэн багц сургалтуудад хамрагдсан оролцогчид батламжаа гардан авлаа. Төслийн баг гурван сарын турш сургалтуудад идэвх, санаачилгатай хамрагдсан оролцогчдоос 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүрэлцэн ирсэн төлөөлөлд батламжийг нь гардуулан өгсөн бөгөөд ийнхүү 06 дугаар 07-ны өдрөөр сургалтын үйл ажиллагаагаа өндөрлүүлсэн билээ.
“Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” төсөл нь АМЕП 2 хөтөлбөрийн 2022-2023 онд хэрэгжүүлж буй 8 үндсэн үйл ажиллагааны нэг нь бөгөөд төслийн эхэнд мэргэжлийн холбоодод тулгардаг бэрхшээл болон үндсэн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох түргэвчилсэн судалгааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр уул уурхай, геологи, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодын төлөөлөлд хоёр үндсэн багц сургалтын хөтөлбөрийг боловсруулсан юм.
Мэргэжлийн холбооны засаглал, менежмент, хөгжилд чиглэсэн 5 модуль бүхий нэг багц, Тохирлын үнэлгээ буюу “ISO Standard”-ын 16 удаагийн цогц сургалтыг 2023 оны гуравдугаар сараас эхлүүлж, нийт 10 байгууллага, холбоодын 20 оролцогчдод 21 удаа цахим болон танхимаар зохион байгууллаа. Мөн сургалтын явцад олон улсын мэргэжлийн холбоодоос жишиг болгон суралцах зорилгоор Канадын Уул уурхайн ассоциаци, Австрали улсын “JORC” байгууллагын удирдлагатай цахимаар холбогдож, туршлага, мэдээлэл солилцсон бөгөөд нийт сургалтад геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын удирдлага, удирдах зөвлөл, гишүүд идэвхтэй оролцож байлаа.
Төслийн хүрээнд мэргэжлийн холбоодын чадавх бэхжүүлэхэд зориулсан гарын авлага болон түргэвчилсэн судалгаа, тайланг боловсруулсан бөгөөд эдгээр материал нь АМЕП хөтөлбөрийн вебсайтад нээлттэй байрших юм.
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоод нь гишүүдийнхээ ажил эрхлэх, мэргэших, ур чадвараа дээшлүүлэх, дадлагажих, нөлөөллийн ажил хийх, салбартаа харилцаа, холбоогоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага билээ. Мэргэжлийн холбоод чадавхаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь тэдний мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь бэхжүүлэн улмаар байгууллагын аливаа эрсдлийг бууруулах ач холбогдолтой билээ.