Та бүхэнд өмнө нь мэдээлэл хүргэж байсанчлан АМЕП 2 хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа дуусах шатандаа орж буй. Үүнтэй холбоотойгоор бид сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн зарим төслийнхөө судалгаа, тайлангийн гол мэдээ, баримт, үр дүнгээс танилцуулах гэж байна.
АМЕП 2 хөтөлбөр 2022-2023 онд “Жендер, хүний эрхийн сургалтын хөтөлбөр, хэрэгжилтийг хянаж, үнэлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төсөл нь 2021-2022 онд гүйцэтгэсэн “Эрдэс баялгийн салбар дахь хүний эрх жендерийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах" төслийн үргэлжлэл билээ. Эрдэс баялгийн салбарын ажиллагсад, менежерүүдэд зориулсан энэхүү цахим сургалтын хөтөлбөр нь ажлын байран дахь жендер, хамтын оролцоо, хүний эрхийн ойлголт, мэдрэмжийг дэмжих зорилготой. 2022 оны зургадугаар сард эхлүүлсэн 7 модуль бүхий цахим сургалтыг хувийн хэвшлийн 200 гаруй ажиллагсад үзэж, танилцсан бол 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1068 хүн сургалтад бүртгүүлж, 14 компани хөтөлбөрт оролцсон байна.
АМЕП 2 хөтөлбөр энэхүү чухал сэдэв, сургалтад анхаарч 2022-2023 оны төслийн хугацаанд хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, хөтөлбөрийн хүртээмжид илүүтэй төвлөрөн ажилласан. Төслийн хүрээнд түргэвчилсэн судалгаа, ярилцлагыг гүйцэтгэсэн бөгөөд зарим баримт, мэдээллүүдээс дурдвал нийт судалгаанд оролцогч компаниудын 62 хувь нь ямар нэгэн байдлаар Жендер, оролцоо, хүний эрхийн талаарх удиртгал сургалтуудыг ажиллагсдадаа зориулан зохион байгуулдаг гэжээ. Тэдний олонхи нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй холбогдох хууль, эрх зүйн хүрээнд жендер, хөдөлмөрийн эрхийг дотоод журам, бодлогодоо тусгадаг байна. Мөн судалгаанд оролцогч болон ярилцлаганд хамрагдсан компаниудын 56 хувь нь бодлого, журамдаа Жендер, оролцоо, хүний эрхийн асуудлыг онцолдог ба үүнтэй холбоотой аливаа асуудал үүсэхэд гомдол шийдвэрлэх механизмтай гэж тодотгосон байна.
Та бүхэн цахим сургалтын видео хичээлүүдийг АМЕП хөтөлбөрийн фэйсбүүк хуудасны
"Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендерийн цахим сургалт" цомгоос үзэж, сонирхох боломжтой.