May 23, 2023
АМНАТ тооцох хувилбаруудыг танилцуулах ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын зүгээс ашигт малтмалын нөөцийн албан татвар (АМНАТ)-ын асуудлаарх хэлэлцүүлэг, арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын олборлох салбарт хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн дагуу, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааныхаа хүрээнд хөрөнгө оруулагч ба нийгмийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилгоор энэхүү хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд 23-ны өдөр холбогдох төрийн байгууллагууд болох Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 70 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бол 24-ний өдөр Монгол дахь Австрали, Америк, Европын Худалдааны Танхим болон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний үеэр АМЕП хөтөлбөрийн мэргэжилтнүүд АМНАТ-ын асуудлаарх олон улсын сайн туршлага, чиглэл, Монгол дахь одооогийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлүүд, зардал үр ашгийн шинжилгээ, одоогийн хууль, эрх зүйн орчин, нөхцөл байдал, санал болгохуйц санхүүгийн хэрэгслүүд зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн АМНАТ тооцож буй одоогийн систем, бүтцийг шинэчилж болохуйц өөр өөр зорилго, шалгуур бүхий гурван хувилбарыг дүгнэн хэлэлцлээ.
Оролцогчдын зүгээс ч Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АМНАТ-тай холбоотой тусгагдсан асуудлуудын талаар өөрсдийн туршлага, байр сууриа илэрхийлж, АМЕП хөтөлбөрийн зөвлөхүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд хариулт өгч, харилцан санал, дүгнэлтээ хуваалцаж байлаа. АМЕП 2 хөтөлбөр энэ сэдвээрх хэлэлцүүлэг, арга хэмжээг өмнө нь иргэний нийгэм болон хувийн хэвшлийн байгууллагын 90 гаруй төлөөллийг урьж оролцуулан зохион байгуулсан билээ.