Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын “Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Дундговь аймгийн Хулд суманд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр
Геологи, уул уурхайг танин мэдэх аялал нэртэй өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хулд сумын Соёлын төвд болсон энэхүү арга хэмжээнд сумын 180 гаруй иргэн хүрэлцэн ирж, “Мэдээллийн Өртөө гэр”-үүдээр зочилж, эрдэс баялгийн талаар мэдээ, мэдээлэл авч, уурхайн орчинд бодит мэт очиж үзэх виртуал аялал хийн, байгалийн шинжлэх ухаан болон байгаль орчны мониторингийн хэмжилт хийх сонирхолтой туршилтад оролцох, хөгжөөнт, уралдаант таавар тоглоомд нэгдэн, мөн МУГЖ Ш.Алтанцэцэгийн жүжигчдийн багийн урлагийн тоглолт үзэж сонирхон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Энэ удаагийн Геологи, уул уурхайг танин мэдэх аялал-д Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит хүрэлцэн ирж Хулд сумын иргэдтэй уулзсан бөгөөд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Австрали, Монгол хоёр улс эрдэс баялгийн салбарын хувьд нийтлэг зүйлс олонтой. Энэ салбарын хөгжлийг дагаад ажлын байр, бүтээмж, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэргээр улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Австрали, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП-аар дамжуулан уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай буй”-гаа онцлон дурдсан юм.
Мөн энэ удаагийн аялалд АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, тамгын газрын хамт олон оролцож, үйл ажиллагааг дэмжин ажиллалаа. Энэхүү арга хэмжээний нэгэн зорилго нь эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад гурван талын буюу сум, орон нутгийн засаг, захиргаа, иргэд, уул уурхайн компаниудын оролцоог хангах бөгөөд энэ ч үүднээс Хулд суманд үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл болох хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Иннова Минерал” компани иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулан, биечлэн уулзсан юм.
Энэ өдөр арга хэмжээг зорин очсон зочид, төлөөлөгчдөд орон нутгийн удирдлагууд сум, орон нутгаа танилцуулж, ЕБС-ийн сурагчид Морин хуур хөгжмийн тоглолт сонирхуулан, АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Геологийн багш нарын сургалтаас сурсан эрдэм, мэдлэгээ хуваалцаж байлаа.
Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 нь (АМЕП 2) Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад оролцогч талуудтай хамтран 2022-2023 онд “Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд сонгогдсон гурван сум болох Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нөхцөл байдлын судалгаа, компаниудын дугуй ширээний уулзалт, сум тус бүрийн онцлогт тохирсон жишиг стратеги төлөвлөгөө болон гарын авлага боловсруулах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэргээр шат дараатай ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд дараагийн “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд болно.