Apr 18, 2023
АМНАТ тооцох хувилбаруудыг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа
АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварын асуудлаарх хэлэлцүүлэг 2023 оны 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Эхний хэлэлцүүлэгт байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, санал шүүмжээ ирүүлсэн бол хоёр дахь хэлэлцүүлгээр хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн болон бизнесийн холбоодын 60 гаруй төлөөлөл оролцсон юм.
АМЕП 2 хөтөлбөрөөс 2022-2023 онд хэрэгжүүлж буй “Ашигт малтмалтын нөөц ашигласны төлбөр ба татвар: Зөвлөлдөх замаар зөвшилцөлд хүрэх нь” төслийн хүрээнд олон талыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж, санал хураалтын тогтолцоог ашиглах замаар зардал, үр ашгийн шинжилгээнд үндэслэсэн, хэрэгжих бололцоотой АМНАТ тооцох гурван хувилбараас сонгон, шийдвэр гаргагчдад санал болгох юм.
04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан эхний хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва оролцсон бөгөөд нээлтийн үгэндээ “Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтийн оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон АМНАТ-ын үндсэн өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, хэлэлцүүлсэн.
Харин АМЕП 2 хөтөлбөрийн судалгааны баг сонгогдсон 4 ашигт малтмал болох зэс, нүүрс, төмөр, жоншны АМНАТ ба татвартай холбоотой асуудлыг судалж, одоогийн даган мөрдөж буй болон санал болгох боломжтой хувилбаруудыг харьцуулах, улмаар олон улсын жишиг, туршлагуудтай танилцах зэргээр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг өмнө нь зохион байгуулж байсан билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ч төслийн багийн зөвлөх судлаачид судалгааны үр дүнгээсээ танилцуулж, сонгогдсон 4 ашигт малтмалын зардал, үр ашгийн шинжилгээг хувилбар тус бүр дээр задлан үзүүлж, оролцогч төлөөлөгчдийн санал, шүүмжийг сонсов. Энэ тухай АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз нээлтийн үгэндээ “АМЕП хөтөлбөрийн судалгааны үндсэн зорилго нь ялгаатай хувилбаруудын онцлог бүрийг таниулж, үнэлүүлэхэд оршино. Энэ ч үүднээс салбарын хувьд чухалд тооцогдож буй энэхүү сэдвээр зөвшилцөх боломжийг бүрдүүлж буй” хэмээн онцолсон юм.