Уул уурхай, геологи, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодыг чадавхжуулах багц сургалтын эхний модуль эхэллээ. Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллаганы хөтөлбөр (АМЕП 2)-өөс “Мэргэжлийн холбоодын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд мэргэжлийн холбоодын удирдлага, удирдах зөвлөл болон гишүүдэд зориулсан 5 Модуль бүхий багц сургалтыг долоо хоног бүрийн Пүрэв гаригт, гурван сарын турш зохион байгуулах юм. Өнөөдөр буюу 03 дугаар сарын 16-ны өдөр “Хамтын үнэ цэнийг бүтээх нь” сэдвээр эхний сургалтыг “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын тэргүүн М.Оюунчимэг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуул нар удирдан явуулсан бөгөөд цаашид ISO стандартыг хангасан бусад сургалтууд болох “Байгууллагын сайн засаглалыг бэхжүүлэх нь”, “Манлайллыг сайжруулах, олон талт ялгаатай байдлын оролцоог хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь”, “Мэргэжлийн Холбоодын Мэргэжлийн удирдлага, менежментийг сайжруулах нь”, “Олон нийттэй харилцах болон сурталчлан таниулах нөлөөлөл хийх ба хөрөнгө босгох стратеги” зэргээр үргэлжилнэ. Танхимын сургалтад 19, цахимаар 40 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд уул уурхайн инженер, геологич, металлургич, байгаль орчны инженер зэрэг салбарын мэргэжлийн төлөөлөл бүрээс хүрэлцэн ирсэн байна.
Мэргэжлийн холбоо бол хөрөнгө оруулалтын орчныг чадавхжуулахад чухал үүрэг, оролцоотой байгууллага. Тэр дундаа, бие даасан, тогтвортой, гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн мэргэжлийн холбоод гишүүдийнхээ ур чадвар, мэргэшил, карьерын өсөлт, салбарын харилцаа холбоог удирдан авч явах замаар хөгжлийн стандартыг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой билээ.