АМЕП 2 хөтөлбөр нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үндсэн зорилгынхоо хүрээнд олон төсөл, үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь УУХҮЯ-тай хамтарсан “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Геологи, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг болох орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд төвлөрч буй энэхүү төслийн хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай, Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд суманд туршилтын төсөл хэрэгжүүлээд буй.
Уг төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс сонгогдсон гурван сумын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын компаниудын төлөөллүүдийг урьж оролцуулсан дугуй ширээний уулзалтыг 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад 27 компани, тусгай зөвшөөрөл эзэмшигч оролцож, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд, хуримтлуулсан туршлага, тулгамдсан асуудлуудынхаа талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн цаашдын, урт хугацааны харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах гарц, шийдлийн талаар ч хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой”, “Энержи Ресурс” компаниуд мөн оролцож, орон нутаг, малчидтай хэрхэн хамтран ажилладаг өөрсдийн арга зам, туршлагаасаа хуваалцсан юм.
АМЕП 2 хөтөлбөрийн туршилтын төслийг “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ хариуцан хэрэгжүүлж байна.