Mar 20, 2023
Дорноговь аймгийн Алтанширээ сумын сурагчид геологийн шинжлэх ухаантай танилцлаа
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад хамтрагч байгууллага, оролцогч талууд хамтран геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг 2023 оноос эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумдад хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд ШУТИС-ийн ГУУС-ийн дэд профессор, доктор Г.Сэрсмаа, дэд профессор, доктор С.Хишигсүрэн болон “Триктек” ХХК-ийн ерөнхий геологич Н.Баянмөнх нар 03 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж, нээлттэй сургалт зохион байгууллаа. Уул уурхай хөгжиж буй сумдын Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад геологийн шинжлэх ухааны талаар үндсэн мэдлэг олгох, геологийн судалгааны ажлын талаарх суурь ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтад 6-9 дүгээр ангийн 50 гаруй сурагчид оролцсон байна.
Сурагчид “Геологи гэж юу вэ, геологи юу судалдаг вэ”, “Палентологи гэж юу вэ, юуг судалдаг вэ”, “Дэлхийн бүтэц, тогтоц, эрдэс ба чулуулаг, тэдгээрийн хэрэглээ” зэрэг үндсэн сэдвээр танхимын сургалтад, амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл болон боржин чулууны бүтэц, түүнийг бүрдүүлэгч эрдсүүдтэй танилцах зэргээр туршилт, дадлага хичээлүүдэд тус тус хамрагдсан байна. Үүнээс гадна “STEM” (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) хөтөлбөр, түүний салбар шинжлэх ухаануудын онцлог, уялдаа холбоо болон геологийн шинжлэх ухааны талаар танилцуулж, геологи, уул уурхайн салбар тухайн сум орон нутгийн хөгжил, эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг, иргэдийн амьдралд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлдэг тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Нээлттэй сургалтын үеэр сурагчид болон тус сургуулийн багш нарт тухайн сум орон нутгийн геологийн хөгжил хэрхэн сая, сая жилийг туулан хувьсан өөрчлөгдсөөр ирсэн тухай, тэрхүү хувьсал, өөрчлөлт нь уул уурхайн мөчлөгтэй хэрхэн холбогддог, улмаар өнөөгийн бидний амьдралд хэрхэн яаж ашиглагдаж байгаа талаар мэдээ баримтыг үзүүлэн, харилцан туршлага солилцсон онол-практикийн ач холбогдол бүхий ажлуудыг зохион байгууллаа.
Дээрх ажлууд нь Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумдад мөн адил зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр сум тус бүрт хийгдсэн ажлын нэгдсэн тайлан, дүгнэлтийг хийж гүйцэтгэсэн төрийн бус байгууллагууд энэ оны II улиралд багтаан нээлттэй сургалт явуулах, орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулах зэрэг үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт алт, хайлуур жонш, төмрийн хүдэр, ягаан гантиг, зэс, шохойн чулуу, өнгөт чулуу, нүүрсний нөөц хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон байдаг бөгөөд 23 аж ахуйн нэгж ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.