Mar 06, 2023
"Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах" төсөл амжилттай хэрэгжиж байна
"Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах" төслийн хүрээнд хийгдсэн мэргэжлийн холбоодын сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа болон үр дүнд нь суурилан боловсруулагдсан багц сургалтын танилцуулга арга хэмжээ 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадагва болон геологи, уул уурхай, байгаль орчны салбарын мэргэжлийн холбоодын 30 гаруй төлөөлөгч оролцлоо.
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) 2022-2023 онд “Мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь өсгөж, байгууллагын эрсдэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр холбоонд харьяалагдах гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн ажил эрхлэх, нарийн мэргэших, ур чадвараа өсгөх, дадлагажих, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Төслийн эхний шатанд АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс мэргэжлийн холбоодод тулгардаг бэрхшээл болон үндсэн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох түргэвчилсэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчид холбоодод тулгардаг нийтлэг бэрхшээлийг “Мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа тогтмол бус, ажиллах хүчин дутмаг, хоорондын харилцаа холбоо сул, санхүүжилт хомс” зэргээр тодорхойлсон юм. Харин “холбоодын гишүүддээ үзүүлэх үйлчилгээг сайжруулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамжийг нэмэгдүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, холбооны засаглалыг сайжруулах, олон улсын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх” зэргээр эн тэргүүнд тулгарч буй хэрэгцээ, шаардлагаа тодорхойлсон байна.
Судалгаанд оролцогчдын дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уул уурхай, геологи, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 53 мэргэжлийн холбооны төлөөлөлд зориулан 5 модуль бүхий багц сургалт боловсруулан, зохион байгуулах гэж байна. Цаашид холбооны гишүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий ISO стандартын сургалтуудад хамрагдах боломжийг бүрдүүлэх мөн олон улсын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг судлах, тэдэнтэй хамтран ажиллан, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх юм.
АМЕП нь Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд Монгол Улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үндсэн зорилготой. Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яам (Австралийн Тусламжийн Хөтөлбөр)-ны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл олон улсын зөвлөх компани гүйцэтгэж буй энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр үе 2015-2018 онд, хоёрдугаар үе 2019-2024 онд тус тус хэрэгжиж байна.