Feb 21, 2022

Нэг сарын сургалт эхэлнэ

МОНВАЛ Хороо нь Австралазийн уул уурхай, металлургийн институтитэй хамтран, 2022 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд 50-н мэргэжилтэнд сургалт хийж эхэлнэ.

Австрали Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) 2021 оны 11 дүгээр сард Австралазийн уул уурхай, металлургийн институтитэй (AusIMM, англи нэрийн товчлол) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээр 1893 онд байгуулагдсан, дэлхийд нэр хүндтэй Австралазийн уул уурхай, металлургийн институт (AusIMM) - ийн сургалтыг Монгол Улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ хороо гишүүдэд болон хөрөнгийн үнэлгээчдэд хамтран явуулах нөхцөл бүрдэж байна.    
Монгол Улс нь 2021 онд Ашигт малтмалын хөрөнгийг үнэлэх МОНВАЛ кодексын анхны төслийг боловсруулсан. Энэ кодекст хайгуул, уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээг зохих шаардлагын дагуу хийх стандарт журмуудыг тусгасан байна. Тодруулбал, хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудыг сонирхсон хөрөнгө оруулагчдад тухайн компани нь олон нийтэд нээлттэй тайлагналын кодын дагуу геологи хайгуулын, ашигт малтмалын нөөц, баялгын талаархи, үнэлгээний явцын талаархи мэдээллээ нээлттэй тайлагнахыг МОНВАЛ кодекс шаардана. Тайлангийн эдгээр механизм нь хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлж, эрдэс баялгийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг өргөн хүрээнд нээлттэй болгож, хөрөнгийн зах зээлийн үнийн хөөсрөл, эрсдлийг бууруулдаг гэж үздэг тул Австрали, Канад улс хөрөнгийн үнэлгээний кодексоо сайтар мөрддөг. Уул уурхайн компаниуд хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулалтыг төрөл бүрийн хэлбэрээр татахад олон нийтийн итгэлийг олж авах хэрэгтэй. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодексыг дагаж мөрдсөнөөр олон нийт тухайн компанид итгэх суурь механизм болж өгдөг. 
2021 онд оролцогч талуудын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн МОНВАЛ Хороо байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газар МОНВАЛ хороогоор дамжуулан, МОНВАЛ кодексийг өргөн хүрээнд таниулах, илүү боловсронгуй болгох, улмаар хайгуулын тайланг цогцоор гаргах үйл явцад хуулийн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. МОНВАЛ кодексийг авч хэрэгжүүлснээр Монгол Улс "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлага"-аар хүлээсэн "хайгуулын мэдээллийг системтэйгээр ил тод болгох" хэмээх амлалтаа биелүүлэх юм.
МОНВАЛ Хороо нь Австралазийн уул уурхай, металлургийн институтитэй хамтран, сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Сонирхсон хүмүүс МОНВАЛ кодекс гэж юу болох, ашигт малтмалын хөрөнгийг хэрхэн үнэлэх олон улсын тэргүүн туршлага, тайлагнах арга зүй зэрэг сэдвээр суралцах боломж нээлттэй.  
2021 оны 10 дугаар сарын сүүлээр МОНВАЛ Хороо Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ИМВАЛ хорооны ажиглагч гишүүний статустай болсон. Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хороо нь АНУ, Канад, АвстралАзи, Өмнөд Африкийн ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хороодын төлөөллийг эгнээндээ багтаасан, олон улсын байгууллага юм. АМЕП хөтөлбөрөөр дамжуулан, 2015 оноос хойш Австралийн Засгийн газар Монгол Улс ашигт малтмалын хөрөнгөө үнэлэх өөрийн гэсэн кодекстой болоход нь дэмжлэг үзүүлсээр байна.    
Та бүхэн Монголын эрдэс баялгийн хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодексийн анхны төсөл болон холбогдолтой судалгаа, илтгэлийг дараах холбоосоос татаж авч болно.   
https://www.amep.mn/news-detail/16?lang_id=1   

Санал болгох