May 11, 2023

Геологи, уул уурхайн салбарын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээ зохион байгууллаа

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 нь (АМЕП 2) 2022-2023 онд “Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд сонгогдсон гурван сум болох Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нөхцөл байдлын судалгаа, компаниудын дугуй ширээний уулзалт, сум тус бүрийн онцлогт тохирсон жишиг стратеги төлөвлөгөө болон гарын авлага боловсруулах зэргээр шат дараатай ажлуудыг гүйцэтгэж, эхнээс нь үр дүнг нь боловсруулан танилцуулж байгаа билээ.

Төслийн хүрээнд хийгдэж буй өөр нэгэн томоохон үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлж буй сум тус бүрт орон нутгийн удирдлага, иргэд, уул уурхайн компаниудыг оролцуулсан нээлттэй өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа. “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” нэртэй өдөрлөг, арга хэмжээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж салбар дахь бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулсан бол уул уурхайн компаниуд мөн оролцож мэдээлэл хүргэж, иргэд, олон нийттэй биечлэн уулзаж тэдний санал, хүсэлтийг сонсож, ярилцлаа.  
Өдөрлөг, арга хэмжээний үеэр иргэд-олон нийт болон бусад оролцогч талуудад илүү бүтээлч, хүртээмжтэй байх үүднээс сэдэвчилсэн “Мэдээллийн Өртөө гэр”-үүдийг ажиллуулсан бөгөөд Алтанширээ сумын 100 гаруй иргэн өртөө бүрээр зочилж геологи, байгалийн шинжлэх ухаан болон байгаль орчны мониторингийн хэмжилт хийх зэрэг сонирхолтой туршилтад оролцож, эрдэс баялгийн салбарын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хөгжөөнт таавар, тоглоом тоглон өөрсдийгөө сорьсон юм. Мөн иргэд виртуалаар гүний уурхайн орчинтой танилцсанаас гадна эрдэс баялгийн салбар дахь шууд болон шууд бус ажлын байр, карьерын талаарх мэдээллүүдийг авлаа. Өдөрлөг, арга хэмжээний хаалт болгон МУГЖ Ш.Алтанцэцэг бусад жүжигчдийн хамт урлагийн тоглолт сонирхуулсан юм. 

“Эрдэс баялгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулагдсан орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээрх судалгаа, стратеги төлөвлөгөө зэрэг нь тухайн сумдад үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон орон нутгийн удирдлагад ажил хэргээ үр өгөөжтэй явуулахад туслах нэгэн арга, хувилбар бөгөөд оролцогч талууд нөхцөл байдал, онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буй. Нээлттэй өдөрлөг, арга хэмжээ нь ч мөн оролцогч талуудад хэрэгжүүлж болох нэг хувилбар хэмээн санал болгож, жишиг болгон зохион байгуулсан билээ.
 

Санал болгох