Dec 07, 2022

АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагчийн зурвас

АМЕП 2 хөтөлбөрийн түншлэгч, хамтран ажиллагсад та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2022-2023 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх найман төслийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг дуулгахдаа баяртай байна. Бид дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.

1. Эрдэс баялгийн салбарын үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэх нь
2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар: Зөвлөлдөх замаар зөвшилцөлд хүрэх нь
3. Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь
4. Байгаль орчин, нийгмийн сайн сайхан, засаглал, хариуцлагатай санхүүжилтийн талаарх Монголын уул уурхайн компаниудын ойлголтыг нэмэгдүүлэх
5. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах
6. Жендэр, хүний эрхийн сургалтын хөтөлбөр, хэрэгжилтийг хянаж, үнэлэх нь
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны мэдээллийн системүүдийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх нь
8. Уул уурхайн салбарын нийгмийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, загвар турших нь.

Эдгээр төсөл нь Монгол улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, иргэний нийгэм, эрдэс баялгийн салбар, төр засгийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Орон нутгийн иргэд, малчид, байгаль орчин, хүний эрх, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн хариуцлагатай уул уурхайн туршлагыг бүх шатанд нэвтрүүлэхэд олон нийт идэвхтэй оролцож, нөлөөлөх замаар дүрэм журмыг сайтар биелүүлдэг болоход эдгээр төсөл хувь нэмрээ оруулна гэж бид, манай түншүүд найдаж байна.

“Эрдэс баялгийн салбарын үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэх нь,” “Уул уурхайн салбарын нийгмийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, загвар турших нь” хэмээх хоёр төсөл маань орон нутагт хэрэгжинэ. Эдгээр төслийн хүрээнд сонирхогч талууд манай хөтөлбөртэй санал бодлоо хуваалцаж, оролцож, хамтран ажиллахыг урьж байна. АМЕП 2 хөтөлбөр нь сайн засаглалыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлд бусад улстай өрсөлдөхүйц орон болгохын төлөө ажилладаг. Тиймээс эрдэс баялгийн салбар дахь цахимжуулалтын санал санаачлагыг дэмжсэн төслүүдээ үргэлжлүүлж байна. Үүний үр дүнд монголчууд эрдэс баялгийн салбар дахь тоон мэдээлэлд чөлөөтэй нэвтэрч, улмаар Эрдэс баялгийн салбар дахь ил тод байдлын санаачлагад хувь нэмрээ оруулна. Илүү өргөн хүрээнд, тэгш оролцоог хангасан зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулан, иргэдийн оролцоог сайжруулах, тэдний санал бодлыг сонсох нь мөн энэ жилийн төслүүдийн чухал хэсэг юм.

Эдгээр найман төслийг хэрэгжүүлснээр эерэг өөрчлөлтүүд хийж чадна гэж АМЕП 2 хөтөлбөр итгэж байна. Бид та бүхэнд мэдээллээ тогтмол хүргэж, та бүхний санал сэтгэгдлийг сонсон, хамтран ажиллахдаа баяртай байна.
 
Хүндэтгэн ёсолсон:
АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч
Рена Гүэндүэз

 

Санал болгох