Nov 10, 2021

Аргачилсан зөвлөмж I, II, III

Тус өгүүлэл нь Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос эрхлэн гаргадаг үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний "Хайгуулчин" сэтгүүлийн 2021 оны №63 дугаарын "Төр, засгийн мэдээ" буланд гарсан. Хуудас 12-14.
 
АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ, ОРДЫН НӨӨЦИЙН АНГИЛЛЫГ ТУХАЙН ТӨРЛИЙН АШИГТ МАЛТМАЛД ХЭРЭГЛЭХ
АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ I, II, III
 
А. Дэлгэрсайхан*, Г. Ухнаа**, Д. Алтанхуяг***, Б. Алтанзул**, Ч. Бямбажав*
 
* УУХҮЯ, ГБГ-ын Геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс
** ШУТИС, ГУУС-ийн Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төв
*** “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 тоот тушаалаар Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулах төслийн даалгавар батлагдаж Монгол орны геологийн судалгаа, уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засагт чухал суурийг эзэлж байгаа голлох ашигт малтмал  болон цаашид хэтийн төлөвтэй байж болох өндөр технологийн түүхий эд, элемент, түгээмэл тархацтай зэрэг 30 гаруй ашигт малтмалын аргачилсан зөвлөмж боловсруулахаар төлөвлөсөн билээ.
Монгол Улсад Геологийн салбар үүсэж, хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан уран-тори, нүүрс, газрын тос зэрэг энергийн түүхий эд, төмөр, алт, зэс зэрэг металл ашигт малтмал, мөн металлурги, химийн гэх зэрэг үйлдвэрлэлийн түүхий эд болох хайлуур жонш, түүнчлэн алт, цагаан алт, цагаан тугалга, гянтболд (вольфрам), титан, цирконоос эхлэн анар, алмаазын хүртэл хуримтлал үүсгэдэг шижирмэгийн шороон ордууд зэрэг нийт 8 төрлөөр “Аргачилсан зөвлөмж”-ийг боловсруулан, нэгтгэж 2019 онд 1000 хувь хэвлэн, нийтийн хүртээл болгосон. “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ыг Уул уурхайн сайдын 2015 оны 203 дугаар тушаалаар баталсан нь эдгээр аргачилсан зөвлөмжийн үндэс болсон төдийгүй хайгуулчидын үйл ажиллагаандаа баримталдаг албан ёсны баримт бичиг, эрэлт хэрэгцээтэй гарын авлага, зөвлөмж, бүтээлүүдийн нэг болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/153 дугаар тушаалаар Монгол Улсын экспорт, эдийн засагт нөлөө бүхий чухал түүхий эд болох цайр-хар тугалга, молибден, мөнгө, вольфрам, цагаан тугалга зэрэг 5 төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийг хүлээн авсан бол шинжлэх ухаан, технологийн хөгжилд нэн шаардлагатай байдаг газрын ховор элемент, мөн энерги хадгалахад зориулагддаг буюу баттарейн түүхий эд болох лити (цези), бал чулуу, мөн барууны улс оронд “Аж үйлдвэрлэл”-ийн (Industrial minerals) гэгддэг элс-хайрга, карбонат чулуулаг, хөнгөнцагаан, мөн төрөл бүрийн давс зэргийг сонгон Аргачилсан зөвлөмж боловсруулагдлаа.
Энэ удаад Монголын геологийн салбарын 82 жилийн ойн босгон дээр дээрх 7 төрлийг багтаасан 3 дугаар боть үүгээр хэвлэгдсэнээр нийт 20 төрлийн ашигт малтмалын Аргачилсан зөвлөмжийг нийт 50 гаран геологчид оролцож эцэслэж боловсруулан, тухайн төрөл тус бүрээр УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны цахим хуудаст нийтэд нээлттэй тавигдаж эхлээд байна.

Эдгээр аргачилсан зөвлөмж гарснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аливаа хуулийн этгээд, ялангуяа мэргэшсэн мэргэжилтнүүд ашигт малтмалын эрэл, хайгуулын ажилдаа энэхүү зөвлөмжийг мөрдөж ажиллах ба энэ талд ЭБМЗ-өөс онцгой анхаарч ажиллаж байна. ЭБМЗ-ийн хуралдаанаар 2020 онд нийт 176 тайлан материал хэлэлцүүлэгдэн, АМГТГ-т хянагдсанаас тухайн үед батлагдсан 8 (уран-тори, нүүрс, төмөр, алт, шороон орд, хайлуур жонш, зэс, газрын тос) төрлийн аргачилсан зөвлөмжийг 92 тайлан бодит үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн нь нийт тайлангийн 52%-ийг эзэлсэн байна. Харин 2021 оны эхний 9 сарын байдлаар нийт 95 тайлан хэлэлцсэнээс 57 (60%) тайлан нь дээрх 8 төрлөөр гаргасан аргачилсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн тоо баримт байна. Ингэснээр геологи-хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулагч гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, салбарын мэргэжилтэнүүд, эрх бүхий байгууллагууд өргөнөөр хэрэглэж, дагаж мөрдөж байгаа нь энэ ажлын бодит үр дүн юм.
Ашигт малтмалын төрөл бүрээр хайгуул хийж ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт, заавар, зөвлөмжтэй болж түүнийг мөрдлөг болгосноор хайгуулын ажлын үе шат, ашигт малтмалын нөөцийн зэргийн нарийвчлал, нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй болгож, маргаантай асуудлыг шийдвэрлэснээр хайгуулын ажлын чанар болон иж бүрэн байдал нь хөрөнгө оруулалт татах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болно гэж найдаж байна.
Манай улс 2014 онд Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо буюу CRIRSCO-д гишүүнээр элсэн орсонтой холбоотой  “Монгол Улсын хатуу ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн ангилал”-ыг Олон Улсын ижил төрлийн стандарт, заавруудтай дүйцүүлэх ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн. Үүнтэй уялдан манай улсад тархсан голлох төрлийн ашигт малтмал тус бүрээр ашигт малтмалын хайгуулын ажил хийх аргачилсан зөвлөмж, нөөцийн ангиллын заавруудыг боловсруулах зайлшгүй шаардлагатай болж ирсэн. Үүнтэй уялдан олон улсын хэмжээнд нийцэхүйц, хүлээн зөвшөөрөгдсөн ашигт малтмалын судалгааны арга аргачлал, нөөцийн ангиллыг уламжлалт суурин дээрээ үндэслэн боловсронгуй болгох замаар цаашид дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгох боломжтой гэж үзэж байна.
Ийнхүү ашигт малтмалын төрөл бүрээр ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт, зааварчилгаатай болж, тэдгээрийг мөрдсөнөөр геологи-хайгуулын мэдээллийг олж авах, ашигт малтмалын нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй, ил тод болгох, түүний чанар болон бүрэн байдал нь цаашид хөрөнгө оруулалт татах, шийдвэр гаргах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болж байна. Иймд цаашид геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, гүйцэтгэж байгаа геологчид энэхүү материалыг ажлынхаа гол гарын авлага болгон ашиглахыг зөвлөж байна.
Аргачилсан зөвлөмжүүдийн боловсруулахад тухайн төрлийн ашигт малтмалаар зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй болон эрдмийн цол зэрэгтэй эрдэмтэд, багш нар оролцсон. Редакцийн баг, шинжээчидийг УУХҮЯ-наас зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй геологичидыг томилон ажиллуулсан.

Эцэст нь энэ төслийг санаачилсан, амжилттай хэрэгжүүлсэн нийт геологчид, ШУТИС-ын ГУУС-ийн Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төв, Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP), ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь институцын болон боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх-II” төсөл, “Бадрах энержи” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
 
 
 
 

Санал болгох