Nov 19, 2021

Эрдэс баялгийн салбарынхан хүний эрх, жендерийн асуудлыг цахимаар суралцана

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт УУХҮЯ 2019 оноос эхлэн, жендерийн бодлого боловсруулан ажиллаж байна. Энэ бодлогыг уул уурхайн компани, байгууллага, аж ахуйн нэгж бүрт хэрэгжүүлэхэд нь Монгол улсын Засгийн газарт Австралийн Засгийн газар тусалж байгаа билээ. Австрали Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) - ийн дэмжлэгтэйгээр “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатарт “Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендерийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Уулзалтын үеэр эрдэс баялгийн салбарт болон энэ чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл салбарын хамт олныхоо хүний эрх, жендерийн ойлголтыг дээшлүүлэх, зан үйлд өөрчлөлт хийх сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

Нийт долоон модуль бүхий сургалтын хөтөлбөрийн эхний хоёрыг нь мэргэжил нэгтнүүддээ танилцуулсан байна.  Модуль 1-ийн сургагч багш Д.Цэцэн: “Өөрийгөө сайтар таньж мэдэх нь тухайн хүн ямар ажил мэргэжил сонгохоос эхлээд алдаа оноогоо дэнсэлж сурахад нөлөөлдөг. Хамгийн гол нь эргэн тойрондоо байгаа төрөл бүрийн нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодолтой хүмүүсийг хүндэтгэж, аз жаргалтай, амжилттай явах нь хүн өөрийгөө танихаас эхэлдэг” гэж ярьсан юм. Уул уурхайн салбарт олон жил удирдах албан тушаал хашиж буй Ш.Байгалмаа дөрөвдүгээр модулийн сургагч багшаар ажиллаж байна. Тэрээр байгууллагынхаа бодлого, үнэт зүйлсийг хүний эрх, жендерийн мэдрэмжтэй болгохын ашиг тусыг уул уурхайн компаниудын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд ярьсан юм.

Эрдэс баялгийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цахим сургалтын хөтөлбөр, материал боловсруулах энэ ажил нь АМЕП 2 хөтөлбөрөөс 2021-2022 онд хэрэгжүүлж буй арван ажлын нэг юм. УУХҮЯ-наас тус салбарт жендерийн талаар баримтлах  бодлогод тусгасан үндсэн ажлуудыг уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэхэд нь АМЕП 2 хөтөлбөр дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллага, УУХҮЯ-тай хамтран ажиллаж, Канадын Засгийн газрын санхүүжилттэй СЕСМИМ төслийн хүрээнд бэлтгэн гаргасан цуврал гарын авлагыг цахим сургалтын хэлбэрт оруулна. Энэхүү цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулнаар илүү олон хүнд хүрч, жендер, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Санал болгох