Sep 22, 2021

Байгаль орчны аудитын холбоо олон улсын стандарт нэвтрүүлсэн Монголын анхны холбоо боллоо

Улаанбаатар. 2021 оны 9 дүгээр сарын 22. Австрали Монголын Засгийн газраас хэрэгжүүлдэг эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП 2-ын хүрээнд Монголын Байгаль орчны аудитын холбоо (БОАХ) олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаажуулалтын хоёр схем Монголд нэвтрүүлжээ. Ингэснээр Монгол улсад хийгддэг байгаль орчны аудитын чанар улам сайжирч, хөрөнгө оруулалт татах боломжтой болж байна.
2013 онд байгуулагдсан БОАХ нь байгаль орчны аудитын эрх бүхий 35 компанийн 18 буюу 50 хувь, 164 байгаль орчны аудиторын 123 буюу 75 хувийг эгнээндээ нэгтгэсэн томоохон мэргэжлийн холбоо юм. АМЕП 2 төслийн хүрээнд боловсруулсан хоёр схемийн нэг нь байгаль орчны аудиторуудын аудитор, нөгөө нь байгаль орчны аудит хийдэг байгууллагуудын үйл явцыг баталгаажуулах “Байгаль орчны аудитын зохистой дадлын баталгаажуулалтын схем” нэртэй. Тус төслийн Баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг ярихдаа “Одоо байгаа заавал хийгддэг баталгаажуулалтын систем дээр нэмэх нь сайн дурын баталгаажуулалтын системийг БОАХ бий болгосон. Эдгээр схемээ ажилтан баталгаажуулдаг олон улсын ISO 17024, мөн үйл явц баталгаажуулдаг ISO 17065 стандартад нийцүүлснээр байгаль орчны аудитын чанар олон улсын түвшин рүү ойртож, гэрчилгээ авах аудиторууд маань олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно. Аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд нэг гэрчилгээ дагалдсан ч гэсэн энэ гэрчилгээнд би итгэж болох уу гэдэг эргэлзээ байнга байдаг. Харин олон улсын стандартад нийцсэн схем гэдэг нь энэ гэрчилгээтэй аудиторт итгэж болно, учир нь чадвартай хүнээр энэ аудиторыг, энэ үйл явцаа шударгаар баталгаажуулсан, ашиг сонирхлын зөрчил орохгүй байх бүх эрсдлийг авч үзсэн гэдгийг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний энэ гэрчилгээ гээд гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн маань маш нарийн үйл явц, процедурын дагуу явсан гэсэн үг” гэжээ.
“Мэргэжлийн холбооноос олгосон чанарын баталгаажуулалтын гэрчилгээтэй байх нь байгаль орчны аудиторууд өөрсдийн ажлын чанарыг сайн гэж сурталчлахаас илүү итгэл үнэмшилтэй, үр дүнтэй” хэмээн БОАХ-ны Гүйцэтгэх захирал, МУИС-ийн Профессор О.Алтансүх ярьсан юм. Мөн чанартай аудит хийхэд аудитын багт хамгийн багадаа зургаан мэргэжилтэн байх ёстой гэж БОАХ үздэг. Үүнд, хог хаягдал хариуцсан аудитор, агаарын чанар болон хийн ялгаруулалт, хөрс, газрын менежмент, нөхөн сэргээлтийн аудитор, биологийн төрөл зүйл хариуцсан аудитор, химийн хорт бодис, аюултай бодис хариуцсан аудитор, усны асуудал хариуцсан аудитор багтана. Мөн “байгаль орчны аудитыг чанартай хийхийн тулд төслийнхөө талбайд 1-2 удаа очиж, технологийг нь судалж, маш их зүйл үзэж, боловсон хүчний чадавх, компанийн бодлого, менежментийнх нь түвшнээс эхлээд гүйцэтгэл, эргээд гүйцэтгэл нь менежментдээ хэрхэн нөлөөлж байна гэдэг тэр циклийг харах хэрэгтэй. Ингэж сайн хийж байж тухайн төслөөс байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөг багасгаж чадна. Уул уурхайн компаниуд сайн зээлдэгч болж, нэр хүндээ өсгөх боломжтой. Мөн хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тогтвортой өсгөх боломж бүрдэнэ” гэж О.Алтансүх хэлжээ.
Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэвид Престон “Уул уурхайд хийсэн хөрөнгө оруулалт нь аюулгүй, тухайн төсөл нийгэм, байгаль орчныг хамгаалах удирдлагын тогтолцоотой гэдэг баталгааг чанартай байгаль орчны аудит гаргаж өгдөг. Тухайн аудитыг чанартай гэдгийг мэргэжлийн холбоод, баталгаажсан үйл явц нь бүрдүүлдэг. БОАХ-нд дэмжлэг үзүүлж, байгаль орчны аудитын чанарыг хэрхэн баталгаажуулах тал дээр Австрали улс туршлагаа хуваалцаж буйдаа баяртай байна” гэсэн юм.
Байгаль орчны аудит гэдэг бол томоохон уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанаас байгаль, нийгэмд үзүүлэх нөлөөллийг олон нийтийн өмнөөс хянаж байдаг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ юм. Монгол Улсад байгаль орчны аудит гэдэг ухагдахуун хууль эрх зүйн хүрээнд 2012 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор албан ёсоор орж иржээ. 2013 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр анхны 64 аудитор бэлтгэгдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлогын дэмжлэгтэйгээр хөгжиж байна.
БОАХ-ны нэвтрүүлсэн баталгаажуулалтын системүүд нь монголчууд өөрсдөө Монголд нэвтрүүлсэн, олон улсад жишигт нийцсэн анхны схем болж байгаагаагаа онцлог. Монгол дахь олон улсын төсөл хөтөлбөрүүд байгаль орчны аудитын үйлчилгээг  ихэвчлэн гадны аудитор, компаниудаар хийлгэдэг байна. Харин одоо олон улсын жишигт нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлж буйгаа баталгаажуулж, БОАХ гэрчилгээ олгох чадамжтай болсноор байгаль орчны аудиторуудын өрсөлдөх чадварыг дотоод болон гадаадын зах зээлд нэмэгдүүлж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл БОАХ-ны eaamongolia.org цахим хуудсаар зочлоорой. Мөн БОАХ-ны Гүйцэтгэх захирал, МУИС-ийн Профессор О.Алтансүх болон АМЕП 2 хөтөлбөрийн ISO зөвлөхөөр ажилласан Л.Тунгалаг нартай хийсэн ярилцлагыг дараах холбоосоор орж үзэж болно. 

https://youtu.be/yOJZf1uZB-Q  БОАХ танилцуулж байна  
https://youtu.be/k3y76btTMvc  Баталгаажсан аудитор гэж хэн бэ? 
https://www.youtube.com/watch?v=4dUxCnpbZDY Байгаль орчны аудитын холбоо ISO 17024 гэрчилгээ авлаа  
 

Санал болгох