Mar 12, 2024

МОНВАЛ КОДЕКС МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД ЧУХАЛ БИЧИГ БАРИМТ

Үнэлгээний мэргэшсэн байгууллагын хувьд МОНВАЛ кодексын ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

Мэргэжлийн байгууллагын хувьд чухал бичиг баримт гэж хардаг. Уул уурхайн баялаг өөрөө өвөрмөц. Ордын нөөц, нөөцийн зэрэглэл тогтоогдоод, ямар хэмжээний баялаг, геологийн нөхцөл байгааг тайлагнадаг. Стандарт нь нарийн, геологичдын хувьд илүү өндөр түвшний нөөцийн тайлан гаргах ёстой. Үүн дээр суурилан эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох нь ашигт

малтмалын төрлөөс хамаараад өөр өөр. Нэг талдаа геологийн, нөгөө талдаа эдийн засгийн талаас үнэлгээ хийгддэг. Ийм онцлог байдлыг МОНВАЛ-аар дамжуулан үнэлгээчидтэйгээ ойлгуулж байна. Тиймээс үнэлгээ хийж байгаа ашигт малтмалын үнэ цэнийг ойлгуулах, түүнтэй холбоотой ямар эрсдэл байж болохыг тодорхойлох нь чухал. Үнэлгээчдэдээ үүнийг ойлгуулах ажлыг АМЕП хөтөлбөрийн хүрээнд Австралийн уул уурхайн мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн. Цар тахлын үеэр онлайнаар хичээл орж, мэргэжилтнүүд туршлагаа хуваалцсан.

ММҮИ-ийн зүгээс, Хөрөнгийн үнэлгээний хуулиар чиглэл, чиглэлээрээ төрөлжин хөгжиж байгаа үнэлгээчдэд Монголын онцлогт тохирсон үнэлгээнүүдэд ажиллуулах, хөгжүүлэхэд анхаарч байна. Түүний бэлтгэл ажлууд хийгдээд явж байна.

МОНВАЛ кодексын сургалтын талаар та хэрхэн мэдээлэл авч сургалтад хамрагдсан бэ?

АМЕП хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байсан Геологи уул уурхайн институтийн хүмүүс ММҮИ-д анх танилцуулж, хамтарч ажиллах санал тавьсан. Тэдэнтэй хамтарч АМЕП хөтөлбөртэй холбогдож, сургалтад хамрагдсан.

Сургалт Та бүхний хүлээлтэд хүрсэн үү, сургалтын чанар, агуулга ямар байсан бэ?

Маш сайн сургалт болсон. Австралийн мэргэжлийн эрх олгодог байгууллагаас хичээлээ заасан. Тухайн байгууллагын удирдлага, үнэлгээ хийдэг мэргэжилтнүүд хичээлээ хөтөлж явуулсан юм. Австралийн шилдэг үнэлгээний пүүсүүдийн үнэлгээчид өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан. Бидний хувьд дотооддоо үнэлгээ хийдэг туршлагатай үнэлгээчид учраас сургалтын явцад асуулт хариултын хүрээнд мэдлэгээ тэлсэн. Дээр нь Австралийн хөрөнгийн биржид ямар зохицуулалтаар хэрхэн хийдэг талаар зохицуулагч байгууллагуудаас мэдээлэл авсан. Манай институт өөрөө нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Засгийн газрын зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажилладгийн хувьд олон улсын сайн туршлагыг ажлын чанарт нэвтрүүлж, юунд анхаарах вэ гэдэгт анхаарсан. Үнэлгээчдээс гадна мэргэжлийн бусад байгууллагад чухал сургалт байлаа.

Санал болгох