ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, профессор Л.Пүрэвтэй ярилцлаа.
Уул уурхайн салбарт ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ өнөөдөр ямар түвшинд хэрэгжиж байна вэ?
Уул уурхайн компаниудын хөрөнгийн үнэлгээг олон компани хийдэг. Гэхдээ ихэвчлэн газар дээрх барилга байгууламж, тоног төхөөрөмжийг л үнэлж, балансад тусгах байдлаар уг ажлыг хийж ирсэн. Үүнийг бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг үнэлэх арга, аргачлалыг ашиглан хийж гүйцэтгэдэг. Ашигт малтмалын орд газрыг үнэлэх ажил хийгдэхгүй байна.
Мэргэжлийн хүний хувьд энэ чиглэл рүү янз бүрийн оролдлогууд хийж зарим нэг үнэлгээний ажлууд хийж гүйцэтгэсэн. Австрали, Америк, Канад зэрэг улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ өндөр хөгжсөн, баримт бичиг, стандарт нь боловсруулагдсан. Монгол Улсад сүүлийн үед газрын доорх баялаг буюу ашигт малтмалын нөөцийг үнэлэх асуудалд анхаарлаа ихээхэн хандуулж байна.
Уул уурхайн салбарын үндсэн бүтээгдэхүүн нь газрын дор байдаг. Түүнийг олборлож, боловсруулаад борлуулдаг. Манайхны ихэнх нь газар дор байгаа нөөцийг шууд зах зээлийн үнээр нь үржүүлж, ийм баялагтай, ийм хөрөнгөтэй гэж буруу ярьдаг. Олон нийт ч тийм ойлголттой болсон. Гэтэл газар доорх баялгийг олборлож, боловсруулахад тодорхой зардал гардгийг тооцдоггүй. Тийм ч учраас уул уурхайн салбарт маш их хөрөнгө мөнгө шаардлагатай.
Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбар нь олон талын эрсдэлтэй, байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл өндөртэй . Үүнийг яаж үнэлгээнд тооцох вэ гэдэг маш чухал. Бид өнөөдөр тодорхой хэмжээгээр аргачлал боловсруулах гэж оролдож байна. АМЕП төслийн хүрээнд үүнийг боловсронгуй болгоход туслалцаа үзүүлэх шаардлага бий. Гэхдээ манайд мэргэжилтэн дутаад байна. Хөрөнгийн үнэлгээ хийдэг 200 орчим компани, хэдэн зуун үнэлгээчин байна. Тэдэнд ашигт малтмал, уул уурхайн чиглэлийн мэдлэг нь дутаад нарийн тооцож үнэлж чадахгүй байдал гараад байна.
Ер нь ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгийн үнэлгээ хийхийн ач холбогдол юу вэ?
Энэ бол маш чухал зүйл. Сүүлийн үед ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ хийж өгөөч гэдэг санал надад ирж байна. Жишээлбэл: аль нэг компани 100 кг алтны нөөцтэй орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлөө банкинд барьцаалж, зээл хүслээ гэж бодъё. Банкны зээлийн эдийн засагч нь алтны нөөцийг зах зээлийн үнээр үржүүлээд үнийн дүнгийн тодорхой хувьд нь зээл олгож, нөгөө тусгай зөвшөөрлөө барьцаалаад үлддэг. Гэтэл тухайн орд газарт тийм нөөц нь байгаа эсэх, зардал нь ямар байх эсэх гээд олон зүйл тодорхойгүй үлдэнэ.
Ийм учраас зээл олгосон банкинд өндөр эрсдэл үүсэх магадлалтай байдаг. Иймэрхүү жишээнээс үүдээд банкууд тусгай зөвшөөрөл барьцаалж зээл олгохдоо хөрөнгийн үнэлгээ хийлгэх сонирхол нь нэмэгдэж байна. Нөгөө талдаа, ажиллаж байгаа уурхайн компани зээл авахад хийлгэж байгаа хөрөнгийн үнэлгээ нь газар доор нөөц, баялгийг үнэлж чадахгүй, зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нь үнэлэх байдлаар хөрөнгийн үнэлгээ хийж байна. Энэ нь бас л компанидаа эрсдэл, хохиролтой байж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн компани хөрөнгөө дутуу үнэлүүлээд байна гэсэн үг юм.
Хөрөнгийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтад чухал нөлөөтэй юм байна, тийм үү?
Маш чухал. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс хөрөнгө оруулалтын зорилгоор, банкны зээл авдаг. Ашигтай ажиллавал зээлээ төлөөд, алдвал алдагдлаа үүрээд зээлээс зээлийн хооронд явдаг. Зээл авахад барьцаа болгох хөрөнгө нь ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл болоод байна. Яагаад гэвэл улсаас баталгаажуулж олгосон ганц эрх нь тэр. Тэгэхээр ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ гэдэг хөрөнгө оруулалт, зээл хүсэж байгаа компанидаа, хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа, зээл олгохоор судалж байгаа талдаа маш хэрэгтэй зүйл юм.
Та МОНВАЛ кодексын сургалтад хамрагдсан тухайгаа ярина уу?
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийг байгуулагдсан цагаас нь би гишүүнээр ажиллаж байна. ММҮИ нь Монголын бүх үнэлгээчдийг нэгтгэж зангидсан, тогтмол мэдээлэл өгч, сургалт явуулдаг. 2019 онд АМЕП хөтөлбөрийн хүрээнд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ, ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан гээд сургалтад хамрагдсан.
Дараа нь 2022 онд Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтийн “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний Valmin кодын тайлагнал, арга аргачлал”, МОНВАЛ хорооны “Монгол улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодексын танилцуулга, мэргэжлийн ёс зүй” гэсэн хоёр том сургалтад хамрагдсан. Австралийн мэргэшсэн үнэлгээчид, туршлагатай хүмүүс ирж хичээл заасан. Энэ кодексууд манайд маш их хэрэгтэй. Уул уурхай хөгжсөн дэлхийн олон оронд ийм кодексууд байдаг. Манайх өөрсдийн МОНВАЛ гэдэг кодекстой болсон.
Ашигт малтмалын үнэлгээний стандартаа олон улсын стандартад ойртуулж байгаа юм. Ингэснээр бидний хийсэн үнэлгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдэнэ. Би хувьдаа МОНВАЛ кодексыг танилцуулах, мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үргэлжлүүлж хийх ёстой гэж боддог. Нэг удаагийн сургалтаар бүрэн гүйцэд мэдээлэл, мэдлэг олгоно гэж байхгүй. Өөр өөр төрлийн, өөр өөр туршлагатай мэргэжилтнүүдийн сургалт бидэнд их хэрэгтэй. АМЕП хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн дэлхийн уул уурхайн хөгжсөн орнуудын энэ чиглэлийн туршлагыг танилцуулж, ашигт малтмалын орд газрыг үнэлэх Монголын гэсэн кодекстой арга аргачлал боловсруулах шаардлагатай байна.