Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч, бүх түвшний шийдвэр гаргагчид, тэдгээрийн зөвлөхүүдийн хувьд эрсдэл багатай шийдвэр гаргахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын стандарт, ёс зүйн кодыг даган мөрддөг бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн Геологи уул уурхайн мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан ашигт малтмалын үнэлгээг хийдэг. Энэ стандартын нэг буюу ашигт малтмалын ордын бодитой үнэ цэнийг тайлагнадаг МОНВАЛ кодыг (MONVAL Code) боловсруулан хэрэгжүүлээд байна.
Монгол Улсад төдийгүй олон улсын геологи хайгуул, уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа ашиглалтын болон хайгуулын төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай. Тиймээс хайгуул, уул уурхайн төслүүд, хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын байгууллагуудаар дамжуулан хөрөнгө оруулалтыг татах боломжууд бүх улс оронд ижилхэн үйл явцтай.
Энэхүү үйл явцад бүх түвшний шийдвэр гаргагчдыг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц геологи хайгуулын үйл ажиллагаа, нөөцийн хэтийн төлөвтэй уул уурхайн төслүүдийн эдийн засаг, техникийн ач холбогдол, боломж, эрсдлийн талаар бодитой, үндэслэлтэй мэдээллээр хангах хэрэгцээ үүсдэг. Тухайн ашигт малтмалын ордын хувьд үнэ цэнэд нөлөөлөх бүхий л хүчин зүйлүүдийг судалсны эцэст, тухайлбал хайгуул, нөөц, уул уурхайн ашиглалт, металлурги технологи, байгаль орчин, хууль эрх зүй, улс төрийн байдал, нийгэм, засаглал (бусад), эдийн засгийн хэтийн төлөвтэй эсэх, үр өгөөжтэй эсэхийг мэдээлж, тайлагнадаг код, стандартууд нь хэдийнэ бий болжээ.
Тиймээс Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕП 2) хүрээнд буюу 2021-2022 онд 2 үндсэн баримт бичгийн боловсруулсан нь МОНВАЛ код буюу “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код”, “Ашигт малтмалын Хөрөнгийн үнэлгээний арга аргачлал” юм. Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээчид, мэргэшсэн мэргэжилтнүүд үнэлгээ хийх явцдаа МОНВАЛ код болон энэхүү арга, аргачлалыг ашиглах юм.
МОНВАЛ хорооны дарга П.Саранчимэгтэй ярилцлаа.
МОНВАЛ хорооны байгуулагдсан түүхээс товч танилцуулна уу?
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодыг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан юм. Тус Ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, Монгол Улсын Геологи, уул уурхайн мэргэшсэн институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн болон олон улсын мэргэжилтнүүдийн төлөөллүүд багтан ажилласан.
Улмаар ашигт малтмалын орд, төслийг үнэлж, хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчид болон бүх түвшний шийдвэр гаргагчдад бодитой мэдээлэх, тайлагнах зорилгоор 2022 оны нэгдүгээр сард албан ёсоор МОНВАЛ кодыг боловсруулсан юм. Ингэхдээ олон улсын сайн туршлагын дагуу МОНВАЛ кодыг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж Ажлын хэсэг дүгнэсэн.
Энэхүү шийдвэрээр Монгол Улсын Геологи, уул уурхайн мэргэшсэн институт болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтарсан Санамж бичгийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сард МОНВАЛ хороо байгуулагдсан.
МОНВАЛ хорооны гол зорилго юу вэ?
МОНВАЛ хороо нь тухайн кодыг сайжруулах, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх, мөн тухайн чиглэлээр сургалт явуулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үндсэн зорилготой. MOНВАЛ хорооны зүгээс зохих бичиг баримтуудыг бүрдүүлж, олон улсын хөрөнгийн үнэлгээний хороонд элсэх хүсэлт гаргасан нь 2021 оны аравдугаар сард албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо МОНВАЛ хороо нь ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний олон улсын хорооны ажиглагч гишүүнээр ажиллаж байна.
МОНВАЛ кодыг боловсруулахад АМЕП хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн ажлуудаасаа дурдана уу?
2021-2022 онд АМЕП хөтөлбөрийн хүрээнд үндсэн 2 баримт бичиг боловсруулсан нь МОНВАЛ буюу ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний арга аргачлал.
Түүнчлэн тус хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын туршлага бүхий сургалтад хамруулж үндэсний 50 мэргэжилтнийг бэлтгэсэн. Үүнд геологи уул уурхайн салбарын, Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн үнэлгээчид хамрагдан амжилттай төгсөж, Монголдоо ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний чиглэлээр ойлголт өгч чадсан хамгийн анхны сургалт болсон. Эдгээр мэргэшсэн мэргэжилтнүүд нь Монгол Улсад зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангаж МОНВАЛ кодын дагуу тайлагнах, арга аргачлалыг дагуу үнэлгээ хийх бүрэн боломжтой болсон. Энэ чиглэлээр туршлагажин ажиллаж байна.
Энэ кодыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бол?
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ код, үнэлгээ хийх арга аргачлал боловсруулагдсантай холбоотой хуульд зохих шинэчлэл, заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон. Хайгуулын болон уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиолдолд тухайн мэргэжлийн байгууллагын код, арга аргачлалыг дагаж мөрдөнө гэж хуульд заасан.
Үндсэндээ ашигт малтмалын үнэлгээ хийх зохих заалтууд орсон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022 оны зургаадугаар сард батлагдан, энэ жилийн нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код, арга аргачлалтай болсноор ямар давуу талтай вэ?
Монгол Улсын хайгуул, уул уурхай, хөрөнгө, санхүүгийн зах зээлийн салбарын оролцогчид хайгуул болон уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, банк санхүү, хөрөнгө оруулалтын сангийн хэрэгцээнд зориулж, МОНВАЛ кодын дагуу ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг Монгол Улсдаа хийснээр хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, шийдвэр гаргагчид тухайн орд, уул уурхайн төслийн үнэ цэний талаарх бодитой мэдээлэлтэй болох боломж бүрдэж байгаа юм.
Үүнтэй холбоотой итгэл үнэмшил ч нэмэгдэх байх, тийм ээ?
Тийм ээ. Итгэл үнэмшил мэдээж нэмэгдэнэ. Үнэлгээчид ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг хийх явцдаа МОНВАЛ кодын мэргэшсэн, ил тод, материаллаг, хараат бус гэсэн үндсэн зарчмуудыг баримтална. Ашигт малтмалын хөрөнгийн МОНВАЛ код, үнэлгээний арга аргачлалыг нэвтрүүлснээр уул уурхайн салбарын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнес, янз бүрийн гэрээ хэлцлүүд, гэх мэт бусад зорилгоор зөв зохистой, эрсдэл багатай шийдвэр гаргахад чухал дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу мэдээлж, тайлагнахын өөр нэг давуу тал нь стандарт, ойлголтын зөрүүнээс үүсэх ажлын үр дүнгийн чанар, зардал, цаг хугацааны эрсдлийг бууруулна.
Эх сурвалж: ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сэтгүүл