Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, металлургич инженер, эрх зүйч Намгарын Алгаа нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал (2000-2014), Ерөнхийлөгчөөр (2014-2018) онд ажиллаж байв. Тэрээр 2019 оны дөрөвдүгээр сараас Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Уул уурхайн ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (AMEP) хөтөлбөр нь 2015 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжиж ирлээ. Энэ хөтөлбөр анхны дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч байна уу?
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр нь АМЕП 1, АМЕП 2 гэсэн үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Миний хувьд АМЕП 2 хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд Уул уурхайн ахлах зөвлөхөөр ажиллаж ирлээ. Энэ хоёр үе шат нь гурван Засгийн газрын мөрийн хөтөлбөр буюу парламентын хоёр удаагийн сонгуулийг дамжин хэрэгжсэн. АМЕП хөтөлбөрийн гол зорилго нь эрдэс баялгийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, хариуцлагатай, нээлттэй, ил тод болгох, тэр хэмжээгээр иргэдийн уул уурхайн орлогоос хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Нэгдүгээр үе шатанд тухайн үеийн салбарын яам, агентлагтай АМЕП түлхүү түншилж ажилласан бол хоёрдугаар үе шатанд зөвхөн төрийн байгууллагууд биш, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог хангахад илүүтэй анхаарсан юм. Нэгдүгээр шатны зорилго нь үндсэндээ хоёрдугаар шатанд үргэлжилсэн.
Хоёрдугаар шатны зорилт нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилт тавьж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Хэдийгээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд өөр өөр төдийгүй бодлогын уламжлал талдаа тууштай, тогтвортой байгаагүй ч АМЕП хөтөлбөр зөвшилцөж, тохиролцсон төслүүдээ бүгдийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэж харж байна.
Эрдэс баялгийн салбар дахь тулгамдсан асуудал бол хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, тэдний ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх асуудал хэвээр байна. АМЕП хөтөлбөрийн хувьд уул уурхайн салбарыг хариуцлагажуулах чиглэлээр хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь МУУҮА-иас санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”. Энэхүү сайн дурын кодексыг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх ажилд АМЕП хөтөлбөр хэрхэн дэмжин ажилласан гэж Та хэлэх вэ?
Хариуцлагатай уул уурхайн асуудал 2007 оноос эхлэлтэй. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлүүд хамтдаа 8 зарчмыг тунхагласан боловч хэрэгжүүлэх арга барилаа ололгүй нэлээд олон жил явж ирсэн. АМЕП хөтөлбөр нь МУУҮА-ийн хэрэгжүүлж байгаа “Хариуцлагатай уул уурхайн кодекс” буюу стандартыг боловсруулахад нь дэмжлэг үзүүлсэн. Энэ стандартын хэрэгжилтийг өөрсдөө үнэлэхээс гадна хөндлөнгөөс хэрхэн үнэлүүлэх вэ гэдэг дээр ихээхэн анхаарч зөвхөн кодексоор тогтохгүй, хөтөлбөрийн хэмжээнд болгон хөгжүүлж байна. МУУҮА-аас “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Анх 8 байгууллага хариуцлагатай уул уурхайн стандартын шаардлагад санал нэгдэн сайн дураар нэгдсэн бол өнөөдөр 37 болж өргөжиж. Тиймээс МУУҮА нь хариуцлагатай уул уурхайн стандартыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, стандартыг үнэлэх заавар зэргийг боловсруулж, “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-ийн чадавхыг бэхжүүлэхэд АМЕП хөтөлбөр тодорхой дэмжлэг үзүүллээ.
Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ыг цаашид илүү хүртээмжтэй болгохын тулд анхаарах зүйлүүд юу байна вэ?
Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн компаниуд кодексын шаардлагыг нэвтрүүлж, хэрэгжилтийг нь өөрсдөө үнэлэхээс гадна хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж байна. Кодексыг нэвтрүүлсэн байгууллагуудад зэрэглэл тогтоох ажил явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, кодексыг хэрэгжүүлэх явцад нэмэлт, өөрчлөлт орж, зүгшрүүлсний дараа зэрэглэл тогтоох юм. Стандартын шаардлагыг ямар түвшинд хэрэгжүүлж байна вэ гэдэгт зэрэглэл тогтоож байгаа хэрэг. Мэдээж заавал хэрэгжүүлэх шаардлагууд ч бий, сонгож хэрэгжүүлэх шаардлагууд ч бий. Зэрэглэл тогтоож, үнэлгээ гарган компаниуд түүнийгээ тайлагнана. МУУҮА-иас нийтэд тайлагнах юм.
Геологийн мета өгөгдлүүдийг олон нийтэд нээлттэй болгох, хөрөнгө оруулагчид энэхүү өгөгдөлд суурилан шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтой. АМЕП хөтөлбөрийн зүгээс “МонГеоКат” каталогийг 2016-2017 онд ашиглалтад оруулснаас хойш хөгжүүлэлтийг нь хийсээр байна. Геологи, хайгуулын мэдээллийн энэхүү каталогийг үүсгэх, хөгжүүлэх ажилд АМЕП мөн дэмжлэг үзүүлсэн. Уул уурхайн ахлах зөвлөхийн хувьд Та энэ хөгжүүлэлтийн ач холбогдлыг дүгнэн хэлнэ үү?
“МонГеоКат” каталог нь хөтөлбөрийн нэгдүгээр шатанд хэрэгжиж эхэлсэн. Хуучин геологийн мэдээллийн санд хадгалагдаж байсан ашигт малтмалын эрэл үнэлгээ, хайгуулын тайлангуудын хураангуйг англи, монгол хэл дээр дижитал хэлбэрт оруулснаар онлайнаар буюу зайнаас хандаж тэдгээр мэдээлэлд хүрэх боломжийг бий болгосноороо ихээхэн ач холбогдолтой.
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд Геологийн мэдээллийн төвд байгаа нийт өгөгдлийн 60 гаруй хувийг хийж дуусгасан. Хоёрдугаар шатандаа үүнийг үргэлжлүүлж байна. Мэдээж хэрэг шинээр хайгуулын тайлан гарах бүрт тус тусын байгууллагууд нь хүлээн авч, хариуцаад ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт хийхийн тулд ямар талбайд, ямар мэдээлэл байна вэ гэдэг их чухал. Геологи, хайгуулын мэдээлэл, өгөгдлүүд хүртээмжтэй болсноор салбарын ил тод байдалд томоохон түлхэц болсон.
2021-2022 онд АМЕП хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлсэн төсөл бол МОНВАЛ кодекс. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодекс, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний арга аргачлал нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд нэн чухал, шинэлэг алхам болж байна.
Тийм ээ. Энэ тал дээр хоёр төслийн тухай яригдана. Хайгуулын тайлангийн нөөцийн ангиллыг ямар байдлаар хийх вэ гэдэгт Оросын болон барууны аргачлалыг харгалзан шигшиж үзээд хайгуулын ажлын шинэ тайланг боловсруулан нөөцийн ангиллын аргачлалыг боловсруулсан. АМЕП хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд эхлүүлсэн энэ ажил хоёрдугаар шатандаа үргэлжилж байна. МОНВАЛ кодексын хувьд ашигт малтмалыг эд хөрөнгийн түвшинд, өөрөөр хэлбэл тухайн ашигт малтмалын нөөцийг газар дор байхад нь үнэлэх ажил хайгуулын эрчимтэй хөгжсөн олон улс оронд хэрэглэж байна.
Хөрөнгийн үнэлгээний энэ кодексыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтууд АМЕП хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн.
50 гаруй мэргэжилтэн энэ сургалтад хамрагдан мэргэшсэн үнэлгээчин гэрчилгээ авсан. Цаашид хайгуулын компаниуд хөрөнгийн бирж дээр гарахад МОНВАЛ кодексын шаардлагуудыг хангасан байх ёстой. Монголд өнөөдөр хайгуулын салбарын орчин, нөхцөл сайнгүй байгаа учраас энэ стандартыг хэрэгжүүлэх ажил удаашралтай байна. Зөвхөн бизнесийн зориулалтаар хэрэглэгдэж байна гэж харж байгаа. Мэдээж цаашид илүү зүгшрүүлэхэд төрийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй.