Mar 11, 2024

РЕНА ГҮЭНДҮЭЗ: АМЕП ХӨТӨЛБӨР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН

Ярилцсан: Г. Идэрхангай

“Эрдэс баялгийн салбарт 35 жил ажиллахдаа би ихэвчлэн уул уурхай, газрын тос, хийн чиглэлийн ажлуудад зүтгэж ирсэн. Төр, хувийн хэвшил, мөн төрийн бус байгууллагуудад ажиллах хувь надад тохиож байсан болохоор салбарынхаа бэрхшээл, үр нөлөө, боломж, хүндрэлүүдийн тал дээр өргөн ойлголт, мэдлэг, туршлагатай. Энэ нь хүнд нөхцөлд, ярвигтай орчинд ажиллаж үзэх боломж завшаан байлаа” хэмээн AMEP 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз “Эрдэс баялгийн тойм” сэтгүүлд ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм. Тэрээр Мексик, Перу, Канад, Гайана Улсаас эхлээд Этиоп, Мавритан, Хятад, Афганистан зэрэг улс оронд ажиллаж, амьдарчээ. “AMEП хөтөлбөрөөс өмнө Монгол Улсад ажилласандаа би баяртай байдаг. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлого, шинэчлэл төсөлд 2008-2011 онд техникийн зөвлөхөөр ажиллаж байхдаа уул уурхайн мөчлөг ба гомдол барагдуулах механизм нэвтрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн. Дараа нь Эрдэс баялгийн салбарын Удирдлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн захирлаар дахин ирж ажилласан. Монголд эргэн ирж AMEП хөтөлбөр, хамт олныг удирдах үнэхээр таатай байлаа” гээд Рена Гүэндүэз яриагаа үргэлжлүүлсэн юм. АМЕП хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн үр дүн, ач холбогдлын талаар бидний дунд өрнөсөн ярилцлагыг уншигч Танд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар болон Австрали Улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжүүлснээр “Aдам Смит Интернэйшнл” зөвлөх үйлчилгээний компани нь Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ийг амжилттай хэрэгжүүллээ. Та АМЕП 2 хөтөлбөрийн багийн ахлагчаар ирэхдээ ямар үүрэг, даалгавар хүлээн авсан бэ?

Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд (АМЕП 2) багийн ахлагчийн хувиар анх ирэхэд миний хүлээсэн эн тэргүүний үүрэг бол хөтөлбөрийн үйл ажиллагааг стратеги удирдлагаар хангах, хөтөлбөрийн зорилго, зорилтод хүрэх үр дүнг хангаж ажиллах явдал байлаа. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин шаардлагатай техникийн удирдлагаар хангах замаар Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Багийн ахлагчийн хувьд Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт эерэг үр нөлөө үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй баг хамт олноо дэмжиж ажиллалаа. Миний бас нэг үүрэг бол төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад түнш байгууллагатай харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Эдгээр хамтрагч, түнш байгууллагуудын санал хүсэлтийг сонсож, салбар дахь хэрэгцээ шаардлагыг тодорхойлон хувьсан өөрчлөгдөж буй эрдэс баялгийн салбарын хэрэгцээ шаардлагад АМЕП хөтөлбөр нийцэж ажиллах тал дээр анхааран ажилласан.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа анхлан дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа биелүүлсэн гэж Та үзэж байгаа юу? Монгол Улсын иргэдбайгалийн нөөцөд суурилсан тэгш шударга, тогтвортой хөгжлийн үр шимийг хүртэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн АМЕП хөтөлбөрийн зорилго хэрэгжсэн үү?

АМЕП хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны түншлэлээр дамжуулан хариуцлагатай, сайн засаглал бүхий хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилтыг тавьж ажиллалаа. Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй есөн жил хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн явцад хамтран ажилласан түншүүд маань олон амжилтад хүрсэн. Хөтөлбөрийн хүрээнд 54 төсөл хэрэгжүүлснээр мэдлэг мэдээлэл, чадавхи нэмэгдэх, хамтын ажиллагааны түншлэл бэхжих зэрэг шууд болон дунд хугацааны олон үр дүнгүүд гарсан.
Хөтөлбөрийн үр дүнд сайн туршлага нэвтрүүлж, бодлогын шинэчлэлд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын хандлага, арга барил өөрчлөгдсөн. Зарим төслүүдийн үр дүн тэр даруй гарч байсан бол зарим төслүүдийнх цаг хугацаа шаардагдаж байлаа. Цаашид АМЕП хөтөлбөрийн түншүүд хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнг үргэлжлүүлэн, түгээн дэлгэрүүлж эрдэс баялгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжиж, Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах” нь АМЕП хөтөлбөрийн зорилт байсан. Энэ зорилт ямар хэмжээнд биелсэн бэ?
АМЕП хөтөлбөр хамтын ажиллагаа, олон талын түншлэлд онцгой анхаарал хандуулж ирсэн. Энэ нь янз бүрийн үзэл бодол, ашиг сонирхол бүхий оролцогч талуудыг харилцан ойлголцож, хамтран ажиллахад хүргэсэн. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд шинэ харилцаа үүсгэх, өмнө нь тогтоосон байсан харилцааг бэхжүүлэх, харилцаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг илрүүлэх, түүнийг даван туулах, олон янзын асуудлаар мэтгэлцээн, яриа хэлэлцээ өрнүүлэх үүд хаалга нээгдсэн бөгөөд харилцан бие биеийнхээ эрх ашгийг ойлголцох зам тавигдсан. АМЕП хөтөлбөр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гэсэн гурван талын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажилласан нь бас нэгэн амжилт гэж итгэж байна.

Тa АМЕП хөтөлбөрийн гол үр дүнг тодорхойлж, эрдэс баялгийн салбарт ямар ач холбогдолтой болохыг дурдана уу?

АМЕП хөтөлбөр хэрэгжих хугацаанд түншүүдтэйгээ хамтран ажилласнаар эрдэс баялгийн салбарт өргөн хүрээний хэд хэдэн чухал амжилтад хүрсэн. Жишээлбэл: Үндэсний Геологийн Албыг байгуулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсэн. Мөн АМЕП хөтөлбөр нь 2017 онд Монгол Улсын Үндэсний Геологийн Мэдээллийн Сан, Монголын Геологийн Каталогийг (MonGeoCat) хөгжүүлж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. 2023 оны 06 сарын байдлаар МонГеоКат каталогт 8,275 геологийн тайланг байршуулсан байгаа бөгөөд дэлхийн 21,673 хэрэглэгч 136,488 удаа хандсан байна. Энэхүү каталогт Монгол Улсын нутаг дэвсгэрийн 43%-ийг хамарсан мэдээлэл багтсан бөгөөд засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо боловсронгуй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.
Цахимжуулах үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, хүнд суртлыг бууруулахад чухал ач холбогдолтой. АМЕП хөтөлбөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах ажиллагааг цахимжуулахад дэмжлэг үзүүлснээр 2022 оноос хойш энэ системээр нийт 499 тендэр зарлаж сонгон шалгаруулалт явуулаад байна. Ингэснээр энэ үйл явцад зарцуулдаг өдөр 35-аас 15 болж богиносон, бичиг цаасны ажил багасаж, шаардлагатай гарын үсгийн тоо цөөрсөн.
АМЕП хөтөлбөр 2019-2020 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороонд дэмжлэг үзүүлж, Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хорооны (IMVAL Хороо) загварыг ашиглан олон улсын стандартад нийцсэн Ашигт малтмалын Хөрөнгийн Үнэлгээний кодексыг (МОНВАЛ Кодекс) боловсруулсан. Энэ нь ашигт малтмалын үнэн бодитой үнэлгээ, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй. АМЕП 2 хөтөлбөр нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран 8 зарчим, 29 шаардлага бүхий Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексыг уул уурхайн компаниудад нэвтрүүлэх, сурталчлах ажилд дэмжлэг үзүүлсэн. 2023 оны 06 сарын байдлаар нийт 37 уул уурхайн компани Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр нэгдээд байна. Энэ төслийн хүрээнд 21 хөндлөнгийн үнэлгээчнийг сургаснаар компаниудын өөртөө хийсэн үнэлгээг хянах боломж бүрдэж байна.

АМЕП хөтөлбөр орон нутагт ямар хувь нэмэр оруулсан бэ? Орон нутгийн хүмүүс, байгаль орчны асуудлаар ямар төсөл хэрэгжүүлсэн бэ?

АМЕП хөтөлбөр үндэсний болон орон нутгийн хэмжээнд, байгаль орчин, орон нутгийн иргэдэд онцгой анхаарсан төслүүд хэрэгжүүллээ. Жишээлбэл: Байгаль Орчны Аудиторын Холбоог (БОАХ) бэхжүүлж, байгаль орчны аудитын стандартыг сайжруулснаар БОАХ нь гишүүддээ гэрчилгээ олгох ISO/IEC 17024:2012 стандартыг нэвтрүүлэхэд бэлэн болсон Монголын анхны холбоо болсон. Мөн 12 хүн сургагч багш болж, 56 хүн байгаль орчны аудиторын хөтөлбөрийн сургалтад хамрагдсан.

АМЕП хөтөлбөр мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний холбогдох мэдээллийн сангуудын хэрэглээнд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн уялдаа холбоог хангах, нэгтгэх талаар зөвлөмж боловсруулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, дээшлүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах гарын авлага боловсруулж, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, багийн засаг дарга нарыг хамруулан нийт 441 хүнд цахим сургалт зохион байгуулсан.
АМЕП хөтөлбөр түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, орон нутгийн хүмүүстэй зөвлөлдөх, хамтран ажиллах загварыг Дундговь аймгийн Хулд, Дорноговь аймгийн Алтанширээ, Булган аймгийн Бүрэгхангай гэсэн гурван суманд туршин хэрэгжүүлсэн. “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” нэртэй өдөрлөг, арга хэмжээгээр дамжуулан орон нутгийн иргэдэд уурхайн мөчлөг, түүний эерэг, сөрөг нөлөөлөл, ашиг тус, эрсдэлийн талаар мэдлэг мэдээлэл түгээсэн.
Энэ арга хэмжээ орон нутгийн хүмүүс, малчдын сонирхлыг ихэд татаж, орон нутгийн 1,500 орчим иргэд оролцсон. Энэ төсөл үр дүнтэй байсан тул компаниуд энэхүү орон нутгийн харилцааг сайжруулах загварыг өөрсдийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэхээр сонирхож байна.
Одоогоор 12 компани манай загварыг тус тусын ажилладаг аймаг, сумдад хэрэгжүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлээд байна. Мөн тухайн сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 667 сурагчдад байгалийн ухаан, газарзүй, палеонтологи, байгалийн нөөц баялгийн чиглэлээр нээлттэй сургалт явуулж, дадлага ажил хийж, мэргэжил сонголт зэрэгт, нийтдээ 63 багшид арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

АМЕП ХӨТӨЛБӨР ҮНДЭСНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД, БАЙГАЛЬ ОРЧИН, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ОНЦГОЙ АНХААРСАН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Монголын төрийн ба төрийн бус байгууллагууд, компаниуд Монгол Улсын эрдэс баялгийн салбарт, ялангуяа хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр АМЕП хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн энэ олон үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлж болох вэ? Багийн ахлагчийн хувьд Та энэ талаар зөвлөх зүйл юу байна вэ?

АМЕП хөтөлбөрийн дэмжлэгээр манай хамтран ажиллагч түншүүд өргөн хүрээний мэдлэг олж авч, ур чадвар нь дээшилж, цаашид хэрэглэх гарын авлага, тайлан мэдээ, судалгааны бааз суурьтай болсноос гадна дотоод, гадаадад харилцаа холбоогоо өргөжүүлж чадсан гэж бодож байна.
Салбарын ирээдүйн манлайлагч, ментор эдгээр хүмүүс хариуцлагатай, сайн засаглалтай, өрсөлдөх чадвартай, тэгш хүртээмжтэй, байгаль орчин, орон нутгийн эрх ашгийг анхаардаг эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа үргэлжлүүлж ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Ирээдүйд эрчим хүчний шилжилтийг хийхэд эдгээр манлайлагчийн эрдэс баялгийн салбарыг удирдан чиглүүлэх, хөгжлийн замыг тодорхойлоход гүйцэтгэх үүрэг оролцоо улам бүр ач холбогдолтой болно.

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт амжилттай хэрэгжсэн АМЕП хөтөлбөр нь энэ хоёрдугаар сарын төгсгөлөөр хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулна. Хөтөлбөртэй хамтран ажилласан оролцогч талууддаа талархлын ямар үг хэлэх вэ?

АМЕП хөтөлбөрийг хэрэгжүүлэх есөн жилийн хугацаанд дэмжиж, хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. АМЕП хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар, үндэсний ба орон нутгийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, зөвлөхүүд, Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг, Хөтөлбөрт оролцогчдын дэмжлэггүй бол өнөөдрийн амжилтад хүрэх боломжгүй байсныг онцлон тэмдэглэе.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

 

 
 
 
 
 
 
 
 

Санал болгох