Feb 01, 2024
АМЕП хөтөлбөрийн бүх тайлан мэдээллүүд нээлттэй боллоо.
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр нь Монголын эрдэс баялгийн салбарын чадавхыг бэхжүүлэхээр олон талт хамтын ажиллагаа, техникийн тусламжийг үзүүлээд байгаа билээ. 2024 оны 2 сарын 1-ний өдөр АМЕП хөтөлбөрөөс сүүлийн есөн жилийн хугацаанд боловсруулсан тайлан, мэдээлэл, гарын авлага, аргачилсан зөвлөмж зэрэг материалуудыг Монгол улс дахь Австралийн худалдааны танхимд гардуулан өглөө. Ингэснээр бидний боловсруулсан тайлан, мэдээллүүд тус танхимын гишүүдэд нээлттэй болж байгаа юм.
Монгол улс дахь Австралийн худалдааны танхим нь Монгол улсад болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн компаниудыг төлөөлдөг тэргүүлэгч холбоо билээ. АМЕП хөтөлбөрөөс гаргасан тайлан мэдээллүүд нь тус танхимын нийт гишүүдэд зориулсан Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, засаглал, байгаль орчин, нийгмийн хариуцлага, инновац зэрэг олон талт мэдээллийн эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна. Мөн түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Австралийн компаниудад үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд, цаашлаад салбарын болоод Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад нь тус болно хэмээн найдаж байна.
Үүнээс гадна тус танхимын гишүүн Монголын аж ахуйн нэгжүүдэд ч хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалж болох нь дамжиггүй биз ээ. Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн байгууллагууд АМЕП хөтөлбөрийн ололт амжилтаас, сайн туршлагаас өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой юм. Эцэст нь бидний боловсруулсан эдгээр тайлан мэдээлэл нь Монголын эрдэс баялгийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг дэмжин тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшилд хөтөлнө гэдэгт бид итгэлтэй байна.