Oct 25, 2023

Эрчим хүчний шилжилт ба Иргэний нийгэм

Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр нь төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжин, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлэгчээр Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Эрчим хүчний шилжилт ба Иргэний нийгэм” сэдэвт сургалтыг 2023 оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудалд зохион байгуулна.

Уг сургалтын үеэр эрчим хүчний шилжилтийн үеийн эрдэс баялгийн салбарын засаглалд тулгарч буй уламжлалт болон шинэ сорилтуудыг онцолж байгаа бөгөөд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн нөхцөл байдлыг шинжлэн холбогдох эрсдэл, шийдвэрлэх арга зам болоод иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хэлэлцэх юм. Үүнээс гадна эрчим хүчний шилжилтэд баримтлах эрдэс баялгийн салбарын бодлоготой холбоотой талуудын байр суурь, иргэний нийгмийн байгууллагуудын оролцооны талаар  дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд туршлагаасаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй хуваалцана. 

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хамтран “Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП)”-ийг хэрэгжүүлж байна. АМЕП хөтөлбөр нь эхэлсэн цагаасаа хойш төр, хувийн хэвшил болоод иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулан  ажиллаж байгаа юм.

АМЕП хөтөлбөрийг Австралийн Засгийн Газар санхүүжүүлж, Адам Смит Интернэйшнл зөвлөх компани хэрэгжүүлдэг. АМЕП хөтөлбөр 2015 оны 04 дүгээр сард эхэлснээс нийт 50 гаруй дэд төсөл хөтөлбөрийг 100 орчим байгууллагатай хамтран хэрэгжүүлээд байна.

Санал болгох