Apr 13, 2023
Австрали, Канадын мэргэжлийн холбоодтой туршлага солилцож байна
АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс Монгол улсын геологи, байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцох ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” төсөлд хамрагдаж буй мэргэжлийн холбоодын төлөөлөл Канадын Уул уурхайн ассоциацитай 04 дүгээр сарын 04, 06-ны өдрүүдэд цахимаар шууд холбогдож сургалт мэдээлэл авсан бол өнөөдөр буюу 04 дүгээр сарын 13-ны Пүрэв гаригт Австрали улсын “JORC” байгууллагын удирдлагатай цахимаар уулзаж, туршлага солилцох юм. Австралийн “Joint Ore Reserve Committee (JORC)” байгууллагын тэргүүн Стив Хант ассоциацуудын зорилго, хэтийн төлвийн талаар ярилцана.
АМЕП 2 хөтөлбөр 2022-2023 онд хэрэгжүүлж буй “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах” төслийнхөө хүрээнд геологи, байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодод зориулсан байгууллагын чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг боловсруулан, 03 дугаар сарын 16-наас эхлэн цувралаар зохион байгуулж буй. Энэхүү сургалтын хөтөлбөрт байгууллагын засаглал, менежментийг бэхжүүлэх чиглэлийн багц сэдвүүдийг судлах, ISO стандарт буюу Тохирлын үнэлгээний сургалтуудтай танилцах болон олон улсын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг судлах, туршлага солилцох гэсэн үндсэн зорилтууд багтсан байдаг. Түүнчлэн төслийн эхэнд мэргэжлийн холбоодод шаардлагатай байгаа сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаа хийх явцад олон улсын мэргэжлийн холбоодоос суралцах, хамтран ажиллах зэрэгт дэмжлэг хэрэгтэй байгаа талаар онцолж байсан билээ.