May 10, 2022
Доноруудын уулзалт боллоо
Улаанбаатар дахь Австралийн Элчин сайдын яам Эрдэс баялгийн салбар дахь доноруудын хамтарсан уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэ жилийн уулзалтын гол сэдэв нь эрчим хүчний шилжилт, Монгол улс дахь нүүрсний давхаргын метан хий байсан юм. Үндсэн хоёр илтгэлийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчид тавьж, Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) товч танилцуулга хийсэн болно.
Цэвэр эрчим хүчний шинэ нөөц хайж байгаа энэ цаг үед эрчим хүчний шилжилт нь Монгол болон дэлхийн олон орны засгийн газрын тэргүүлэх асуудал болоод байна. Нүүрс байгаа газарт метан хий байдаг бөгөөд нүүрсний давхаргын метан хий (НДМХ)-гээс цэвэр эрчим хүч гарган авч, улам бүр багасч байгаа гидрокарбон нөөцний оронд ашиглах боломжтой. НДМХ хэмээх энэ уламжлалт бус байгалийн баялгийг ашиглаж эхлэхэд технологийн хөгжил, шинэ арга аргачлал чухал үүрэг гүйцэтгэж байна.
АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн Дарга Б.Сүнжидмаа АМГТГ-аас НДМХ-г олж илрүүлэх, гео, дата мэдээллийг сайжруулахад хийж буй ажлуудыг танилцуулсан. Энэ ажил нь АМЕП 2 хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийгдэж, цаашид НДМХ-н хэтийн төлвийн судалгаа, анализ бэлтгэн гаргахад чиглэгдэж байна. Б.Сүнжидмаа мөн НДМХ-н бүтээгдэхүүн хуваах гэрээ, зохицуулалтын талаар доноруудад танилцуулж, НДМХ-н хөрөнгө оруулалтын орчин, өмнийн говьд хэрэгжиж байгаа, хөрөнгө оруулалт татаж чадсан зургаан төслийн талаар ярьсан.
Азийн хөгжлийн банк Эрчим хүчний яамтай хамтран хийж буй стратегийн ач холбогдолтой судалгааныхаа талаар танилцуулсан. Энэ судалгаа нь дулаан болон эрчим хүчний хэрэгцээнд зориулсан НДМХ-н дэд бүтэц, хангамжийн сүлжээний чиглэлээр хийгдэж байна. Монгол улс 320 нүүрсний орд газрыг нээж илрүүлсэн, 150 тэрбум тон нүүрсний нөөцтэй учир НДМХ-н дэд бүтэц, хангамж нь Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал гэдгийг хатагтай АХБ-ны Төслийн удирдагч хатагтай Жан илтгэлдээ онцолжээ. Бүх нүүрсний орд газраас метан хий гаргаж авах боломжгүй, геологийн дата цуглуулах, дэд бүтэц, капитал хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр олон ажил хийх хэрэгтэй байгаа ч НДМХ нь ирээдүйтэй салбар гэж үзэж буйгаа хатагтай Жан илэрхийлсэн байна.
АМЕП 2 хөтөлбөр 2019 оноос НДМХ-н төслүүдийг дэмжин, Монгол болон олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласаар ирсэн талаар Багийн ахлагч Рена Гүэндүэз ярьсан. Тодруулбал, НДМХ-н тусгай зөвшөөрлийн давхцал, татварын бодлого, хэтийн төлвийн судалгаа зэргийг АМЕП 2 хөтөлбөр дэмжин хийж байна. Уулзалтанд оролцогчид НДМХ-н салбарын хөгжлийн талаар хэлэлцэж, Монгол улсын эрдэс баялгийн салбарт доноруудаас дэмжин хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцсон.