Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП 2 нь үндэсний болон олон улсын шилдэг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Тэдний боловсруулсан судалгаа, тайланг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох үүднээс АМЕП 2 хөтөлбөр эдгээр эрдэмтэн, судлаачтай видео ярилцлага хийж, та бүхэнд цувралаар хүргэж байна. Гурав дахь дугаарт доктор Пиетро Гуж оролцон, Монгол дахь дагалдах элементэд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-ын талаар хийсэн судалгаагаа танилцуулсан. Та бүхэн дараах холбоосоор орж, видео ярилцлагыг үзээрэй (https://youtu.be/fJSTjYujegU). Монгол орчуулгыг дор хавсаргав.
АМЕП 2 хөтөлбөрийн Харилцааны зөвлөх Б. Уянга: АМЕП 2 хөтөлбөрийн зөвлөхүүдтэй хийдэг ээлжит ярилцлагаар өнөөдөр Баруун Австралийн Их сургуулийн Эрдэс баялгийн эдийн засгийн Профессор, Доктор Пиетро Гуж оролцож байна. Др. Гуж, цаг гарган, ярилцаж байгаад баярлалаа.
Доктор Пиетро Гуж: Баярлалаа. Ярилцлага өгөхдөө таатай байна.
БУ: Та Баруун Австралид ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу АМНАТ-ын бодлогыг гардан хэрэгжүүлж байсан хүн. Та дэлхийн олон орны АМНАТ-ын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг судалсан. Таныг мөн Саудын Арабын Засгийн газарт татварын бодлогоо өөрчлөхөд нь зөвлөж байсан гэж дуулсан. Та өөрийгөө манай үзэгчдэд товч танилцуулаач.
ПГ: Тэгье ээ. Би Баруун Австралийн Уул уурхай, газрын тосны Дэд сайдаар ажиллаж байсан. Миний хариуцдаг ажлуудын нэг нь роялтитай холбоотой бодлогын уялдааг хангах байлаа. Энэ чиглэлээр би их сонирхон судлах болж, олон оронд хэлэлцүүлэг хийж, таны дурдсан улс орнуудад очиж ажиллах боломж гарсан. Гол төлөв, Дэлхийн Банк, НҮБ, Олон улсын валютын сан зэрэгт ажилласаар ирлээ.
БУ: Юуны өмнө, та манай үзэгчдэд, ялангуяа уул уурхайн салбарын бус хүмүүст роялти гэж юу болохыг тайлбарлаад өгөөч.
ПГ: Роялти бол их энгийн ухагдахуун л даа. Аливаа ашигт малтмал бол ард түмний өмч. Уурхайн компаниуд энэ нөхөн сэргээгдэхгүй баялгийг авахдаа татвар төлөх ёстой. Ашигт малтмал гэдэг бол улсын нийт иргэний капитал хөрөнгө юм. Уурхайн компаниуд энэ баялгийг авахдаа эздэд нь зохих төлбөрийг нь өгөх учиртай. Тэгэхээр роялти гэдэг бол байгалийн баялаг худалдан авахдаа уурхайн компанийн төлдөг төлбөр юм.
БУ: Австрали, Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу АМЕП 2-ын хүрээнд Др.Гуж “дагалдах элемент”-эд АМНАТ ногдуулахтай холбоотой Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг судалсан. Др. Гуж, та судалгааныхаа талаар бидэнд ярьж өгнө үү.
ПГ: Дэлхий дээр олон төрлийн АМНАТ байдаг. Нэн түгээмэл нь “үнэд суурилсан АМНАТ.” Энэ төрлийг Монгол Улс хэрэгжүүлдэг. Ашигт малтмалын борлуулалтын үнэд үндэслэн АМНАТ тооцохыг “үнэд суурилсан” АМНАТ гэнэ. Энэ төрлийн АМНАТ дотроо дахиад задарна. Эхнийх нь борлуулалтын үнээс АМНАТ тооцох хэлбэр. Хоёрт, борлуулсан ашигт малтмалын хэмжээг нэгжийн үнээр нь үржүүлж, АМНАТ тооцдог. Монгол Улс энэ хоёр дох аргыг хэрэглэдэг. Монгол Улс борлуулсан биш тогтоосон үнэд суурилж, АМНАТ тооцдог гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд “борлуулалтын үнэ” гэсэн нэр томъёо бий. Энэ заалтыг хэрхэн ойлгохоос хамаараад, баяжмалд агуулагдах үндсэн болон дагалдах элемент бүрт татвар ногдуулдаг. Гэтэл, баяжмалд агуулагддаг зарим дагалдэх элемент нь “торгуулийн элемент” гэгддэг. Зарим уурхайн борлуулж буй баяжмалд хайлуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлдэг дагалдах элемент байдаг учир уул уурхайн компаниуд баяжмалаа хямдаар зарахад хүрдэг. Жишээлбэл, төмрийн хүдрийн баяжмалд хөнгөн цагаан бага хэмжээтэй байж гэж бодъё. Дагалдах элемент нь хөнгөн цагаан гэсэн үг. Хуулийн дагуу хөнгөн цагаан болон төмрийн хүдэр аль алинд нь АМНАТ ногдуулж байна. Гэтэл төмөр ялган авах, хайлуулах зууханд хөнгөн цагаан маш их асуудал үүсгэдэг. Хөнгөн цагаан агуулсан төмрийн хүдэр боловсруулсан үйлдвэр тоног төхөөрөмжөө гэмтээж, үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Тэгэхээр юу болдог вэ гэхээр Монгол талын борлуулагч торгууль хүлээхийн зэрэгцээ Засгийн газарт татвар төлж байдаг. Хөнгөн цагаан, энэ тохиолдолд дагалдах элемент. Хүхэрт хүртэл татвар ногдуулдаг. Хуулийг ингэж өрөөсгөлөөр тайлбарлаж, логик уялдаагүй хэрэгжүүлж болохгүй.