Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын
цахим хуудсанд мэдээлснээр Монгол улсад өнөөдөр 933 хайгуулын, 1,692 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ тусгай зөвшөөрлүүд 6.16 сая га буюу Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9 хувийг эзэлж байна. Үүнийг зарим улстай харьцуулж үзвэл Эквадор нийт газар нутгийнхаа 8.2, Австрали 25 хувьтай тэнцэх талбайд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг ажээ.
1997 онд Ашигт малтмалын хууль батлагдсанаас хойш Монгол улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг хэд хэдэн зарчмаар олгож ирсэн ч тэдгээр нь ил тод байдлыг хангахгүй байх, тусгай зөвшөөрлийг нэг субьект бөөнөөр нь авах, бусдад худалдаалах зэрэг асуудлууд гарч, шийдэгдэхгүй явсаар иржээ.
2018 оны 11 дүгээр сараас өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоож, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байна. 2020 онд Уул уурхайн сайдтай хийсэн дугуй ширээний уулзалтаар хөрөнгө оруулагчид одоо хэрэгжиж буй хууль, дүрэм журам нь хайгуулын үйл ажиллагааг дэмжихгүй, хайгуулын өгөгдөл, мэдээллийг нэгтгэх үйл ажиллагаа дутмаг, ил тод, хүртээмжтэй бус байгаа хэмээн дүгнэсэн юм. Сонгон шалгаруулалтанд суурилсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог шинэчлэх, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах ажлын хэсэг УУХҮЯ дээр байгуулагдсан.
АМЕП хөтөлбөрөөс хайгуулын тусгай зөвшөөрлийг Канад, Австрали, Орос зэрэг оронд хэрхэн олгодог зарчим, тэргүүн туршлага, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтонд геологийн мэдээлэл, өгөгдлийг хэрхэн ашигладаг, цахимаар өргөдөл хүлээн авах, зэрэг асуудлыг судална. Энэ төсөл нь Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтод дорвитой өөрчлөлт хийх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бизнесийн нээлттэй орчин бүрдүүлэх чин хүсэлтэй байгааг хөрөнгө оруулагчдад харуулна.