Jan 12, 2021

Аргачилсан зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлнэ

Геологи-хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоолол бүхий тайланг нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулсан эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр (ЭБМЗ) хэлэлцүүлэн, дүгнэлт зөвлөмж гаргуулж, ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээдэг. Гэвч тухайн  ашигт малтмалын хайгуул хийх, нөөц тооцоолох аргачилсан заавар байдаггүйн улмаас ЭБМЗ ба хайгуулын компанийн хооронд үл ойлголцол үүсч, ашигт малтмалын нөөцийг бүртгэх үйл явц удаашрахад хүргэдэг.

Иймд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газар, АМЕП хөтөлбөр хамтран, хөнгөн цагаан, литий-цезий, газрын ховор элемент, бал чулуу, давс, карбонат чулуулаг, элс хайрга гэсэн долоон ашигт малтмалын аргачилсан зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.
 
Энэ ажил нь Уул уурхайн сайдын 2015 оны 203 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын ордын баялаг, нөөцийн ангилал, заавар" ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 тоот тушаалаар батлагдсан Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулах төслийн даалгаврын хүрээнд хийгдэнэ.
 
AМЕП 1 хөтөлбөр 2018 онд таван төрлийн ашигт малтмалыг эрж хайх, геологийн нөөц бүхий хайгуулын тайлан бэлтгэх журам боловсруулахад дэмжлэг үзүүлсэн туршлагатай. Алт, жонш, төмөр, шороон орд, газрын тосны  аргачилсан зөвлөмжүүд нь ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэгдэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №А/193 тушаалаар батлагдсаныr байгууллагын харьяалал, эзэмших эрхийн хэлбэрийг харгалзахгүйгээр геологи-хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжүүд, салбарын мэргэжилтэн, эрх бүхий байгууллагууд өргөнөөр хэрэглэж, дагаж мөрдөж байна.
 
2020 оны 11 дүгээр сард АМЕП 2 хөтөлбөр “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг хэрэглэх аргачилсан зөвлөмж"-ийг долоон ашигт малтмалын төрлөөр боловсруулах ажлыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын  төвөөр гүйцэтгүүлэн боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Ийнхүү ашигт малтмалын төрөл бүрээр ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт,  зааварчилгаатай болж, тэдгээрийг мөрдсөнөөр геологи-хайгуулын мэдээллийг олж авах, ашигт малтмалын нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй, ил тод болгох, түүний чанар болон бүрэн байдал нь цаашид хөрөнгө оруулалт татах, шийдвэр гаргах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болж байна.

Санал болгох