May 05, 2020

Хамтран ажиллах 48 санал хүлээн авлаа

Улаанбаатар. Эрэлтэд суурилсан төсөл хөтөлбөр сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх зарчмынхаа дагуу Австрали Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП) Монголын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүнд хувь нэмэр оруулах төсөл, санаачлагыг хамтрагч нартайгаа тодорхойлон, хэрэгжүүлсээр ирлээ. 2020-21 онд хийх ажлын төлөвлөгөө боловсруулах үйл явцыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлж, 21 байгууллагаас 48 төсөл, хөтөлбөрийн санал хүлээн аваад байна.
“Монгол түнш, хамтран ажиллагч байгууллагууд дунд маань эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлага, сонирхол маш өндөр байгааг харахад таатай байна. Бид эдгээр 48 төслийн саналаас  хамтын зорилго, зорилтод нийцсэн 5-6-г  шалгаруулж, АМЕП 2-ын Зөвлөх хороонд хүргүүлнэ.  Эцсийн шийдвэрийг МУ-ын Засгийн газар болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам гаргана” хэмээн АМЕП 2 Хөтөлбөрийн удирдагч Кирстен Ливермор хэлсэн юм.
Төслийн эхний болон эцсийн шалгаруулалтыг хийхдээ дараах дөрвөн шалгуурыг дагаж мөрдөнө. Үүнд:
  • Хамааралтай байдал. Санал болгож буй төслийн үр дүн нь эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэсэн АМЕП хөтөлбөрийн ерөнхий зорилгод хувь нэмэр оруулж байх.
  • Тодорхой, ойлгомжтой байдал. Санал болгож буй төслийн үр дүн нь чанар, тоо болон цаг хугацааны хувьд тодорхой, ойлгомжтой байх.
  • Манлайлан, хариуцаж ажиллах оролцогч тал. Санал болгож буй ажлын үр дүнг оролцогч талууд дэмжих, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Хамтын ажиллагаа. Санал болгож буй ажил нь төрийн байгууллага хоорондын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжиж байх.
АМЕП 2 хөтөлбөр 2020 оны 8 дугаар сард ирэх жил хамтран хэрэгжүүлэхээр  шалгарсан төслүүдээ олон нийтэд зарлана. Энэ хугацаанд танд асууж тодруулах зүйл байвал АМЕП 2 хөтөлбөрийн Хамтын ажиллагааны менежер П.Оюунбилэгтэй (oyunbileg@amep.mn) холбогдож болно.  

Санал болгох