Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП 2) хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд хэрэгжүүлсэн 8 төслийн нэг нь УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны мэдээллийн системүүдийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Байгууллага хоорондын мэдээллийн урсгалын “Замын зураглал” хийж, мэдээллийн нэгдсэн систем бий болгох техникийн аргачлалыг боловсруулсан нь салбарын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах нэг дэвшилттэй алхам боллоо. Та энэ төслийн зорилго, хүрсэн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд салбар яам болон АМГТГ, ҮГА-аас иргэд, аж ахуйн нэгж, төрийн холбогдох байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг сайжруулах, нэг системд нэгтгэх, үүний тулд мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөлт бий болгох зайлшгүй шаардлага бий.
Энэ үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны AМЕП 2 төсөлд хүсэлт тавьж УУХҮЯам, АМГТГ болон ҮГА байгууллагууд хоорондын мэдээллийн урсгалыг тодорхойлж бизнес процессын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг хийх, Ажиллагаа дундын мэдээллийн платформ (АДМП)-ын замын зураглал боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Судалгааны тайланг 2023 оны 8 дугаар сард хүлээж авсан.
Энэ судалгаагаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
УУХҮЯамны зүгээс цаашид бодлогын түвшинд энэхүү “Замын зураглал”-ыг хэрхэн үр дүнтэйгээр үргэлжлүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг бодитойгоор бэхжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
АМЕП 2 хөтөлбөртэй хамтран бид Эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг нэгдсэн 1 платфомд нэгтгэж, энэ платформоос аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эхний ээлжид юу хийх талаар ROAD MAP буюу замын зураглалаа гаргалаа. ROAD MAP гаргаснаар бид юунаас эхлэж хаана хүрэх вэ гэдгээ бүрэн тодорхойлсон гэж ойлгож болно.
Энэ замын зураглалыг хэрэгжүүлэх ажлыг УУХҮЯ-ны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд мэдээж мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгаа. Бид гадаад, дотоодын донор байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг хүргүүлэхээр төлөвлөж байна.
Гадаад, дотоодын донор байгууллага бид танайд яг ямар ажил дээр туслах вэ, юу хийх вэ, санхүүжилтийн төсөв хэд байх, үр дүн нь хөрөнгө оруулагчдад ямар эерэг үр дагавар авчрах вэ гэдэг асуултыг тавьдаг.
АМЕП 2 төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн энэ ажил нь дээр асуултад бүрэн хариулах суурь судалгааны ажил буюу Нэгдсэн систем бий болгох ажлын даалгавар англи, монгол хэл дээр бэлэн болсон гэсэн үг. Иймд энэ төсөл дээр хамтран ажиллах донор байгууллага олдоно гэж харж байна.
АМЕП 2 хөтөлбөрийн УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлсэн бусад төсөд, хөтөлбөрүүдийн үр дүн, салбарт үлдээсэн үр өгөөжийг та цөөн үгээр тоймлон хэлнэ үү?
АМЕП хөтөлбөр УУХҮЯ-тай хамтран олон төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс дурдвал Эрдэс баялгийн салбарт орон нутгийн иргэдийн оролцоог хангах, мэдлэг мэдээлэл олгох төслийг Дорноговь аймгийн Алтанширээ, Булган аймгийн Бүрэгхангай, Дундговь аймгийн Хулд гэсэн 3 суманд хэрэгжүүлсэн, уул уурхайн компаниудад зориулсан жендэр хүний эрхийн цахим сургалтын 7 багц видео боловсруулж УУХҮЯ- ны цахим хуудсанд байршуулсан. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах системийг цахимжуулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлж, нийт 17 төрлийн ашигт малтмалын ордын нөөцийг тооцох аргачилсан зөвлөмж боловсруулсан, Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлсэн. Дээрх төслүүд бүгд үр дүнтэй хэрэгжсэн.