Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП) нь есөн жил хэрэгжих хугацаандаа иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай идэвхтэй хамтран ажиллаж, иргэний нийгмийн оролцоог хангахад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. 2023-2024 онд АМЕП хөтөлбөр нь Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн (NRGI)- тэй хамтран “Монгол Улсын уул уурхайн салбарт иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд “Эрчим хүчний шилжилт ба иргэний нийгэм” сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, Монгол дахь Төлсөн авснаа нийтэл эвслийн гишүүд зэрэг нийт 21 байгууллагыг төлөөлсөн 29 оролцогчийг сургалтанд хамрууллаа. Энэ сургалтаар эрчим хүчний шилжилтийн сорилт бэрхшээл, эрсдэл, иргэний нийгмийн гүйцэтгэх үндсэн үүргийн талаар мэдлэг олгосон билээ. Түүнчлэн “Гэрээний ил тод байдал ба мониторинг ” сэдвээр нийт 20 байгууллагыг төлөөлсөн 23 оролцогчийг сургалтанд хамрууллаа. Сургалтаар гэрээ ба хууль эрхзүйн асуудлууд, олборлох салбарын гэрээний татварын асуудлууд, иргэний нийгмийн үүрэг болон гэрээний ил тод байдал ба мониторинг сэдвүүдээр мэдлэг олгож хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Монгол Улсын уул уурхайн засаглал дахь иргэний нийгмийн оролцооны төлөв байдлын үнэлгээ” судалгааг хийлээ. Судалгаанд Монгол дахь Төлсөн авснаа нийтэл эвслийн гишүүд, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын ажлын хэсгийн гишүүд, МОНФЕМНЕТ-ийн гишүүд, бусад төрийн байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 47 өөр байгууллага хамрагдлаа.
1990-ээд оноос эхлэн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, бодлогын хэлэлцүүлгүүдийг түүчээлсээр ирсэн иргэний нийгэм нь засаглалын сорилтуудыг шийдвэрлэхэд нэн чухал үүрэгтэй. Уул уурхайн салбарын үүрэг роль өсөн нэмэгдэхийн хэрээр уул уурхайн засаглалын асуудлаар ажиллаж буй ИНБ-ын үүрэг роль ч мөн нэмэгдсэнийг Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөний Эвсэл, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, хариуцлагатай, ил тод байдлыг дэмжих Шилэн дансны тухай хууль зэрэг амжилттай хэрэгжиж буй олон үйл ажиллагаанаас харж болно. Уул уурхайн салбар дахь ИНБ нь сорилт бэрхшээл бүхий нөхцөлд ажилладаг бөгөөд үүнд нухацтай үнэлгээ хийх шаардлагатай байна. Хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэхэд ихээхэн амжилт гаргасан хэдий ч чадавх хангалтгүй байх, бодлогын дэмжлэг дутагдах, санхүү болон хүний нөөцийн дутагдал, уул уурхайн компани болон төрийн байгууллагатай хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг зэрэг асуудлууд байсаар байна. ИНБ-ууд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа ба олон улсын сангуудын дэмжлэгээс ихээхэн хамааралтай хэвээр байна.
АМЕП хөтөлбөрийн гаргасан судалгаанаас үзвэл эдүгээ ИНБ ямар бэрхшээлтэй нөхцөл байдалд ажилладаг нь харагдаж байна. АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэзийн хэлсэнчлэн “Ийм хэлбэрийн дүн шинжилгээ нь иргэний нийгмийн
орон зай, түүний одоогийн үүрэг, нөхцөл байдлыг ойлгох түлхүүр болох агаад уул уурхайн салбар дахь иргэний нийгмийн орон зайн дотоод динамикийг ойлгоход нэн тустай. Энэхүү үнэлгээний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөмж боловсруулж, ИНБ-ын байр суурийг бэхжүүлэх арга замыг тодорхойлж өгсөн.”
Судалгаанд уул уурхайн засаглалд иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх, илэрсэн сорилт бэрхшээлүүдийг арилгахад чиглэсэн зөвлөм- жүүдийг тусгасан. Үүнд
• Төр засгаас уул уурхайн асуудлаарх иргэний нийгмийн үйл ажлыг дэмжих тодорхой, нарийвчилсан стратегийг боловсруулах,
• Уул уурхайн компаниуд үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх харилцаа, оролцооны стратегийг боловсруулах, ИНБ-уудтай яриа хэлцэл, түншлэлийг хөгжүүлэх,
• Уул уурхайн салбарын хувьсал өөрчлөлт, мэдээлэл, технологийн салбарын дэвшлээс хоцрохгүйн тулд иргэний нийгэм өөрөө олон талаар хөгжиж дэвших зэргүүд багтжээ.
Судалгаанд боловсруулан дэвшүүлсэн зөвлөмжүүд, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх сургалтууд нь цаашид Монгол Улсын уул уурхайн засаглалыг сайжруулахад ИНБ голлох үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хангахад хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна.