Mar 30, 2020

2019-2020 оны хөтөлбөрүүдийн гүйцэтгэл

Монгол улсын эрдэс баялагт суурилсан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой АМЕП хөтөлбөр 2019 оны 4 дүгээр сараас өнөөг хүртэл зургаан хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажлууд хийж гүйцэтгэснээ хөтөлбөр тус бүрээр танилцуулж байгаадаа баяртай байна.

1. Монгол улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код (МОНВАЛ) боловсруулах
а) Монгол улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код боловсруулах, бусад дүрэм журамтай уялдуулан хэрэгжүүлэх 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Санхүүгийн зохицуулах хороон дээр байгуулагдлаа. Ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагын төлөөлөл багтсан. МОНВАЛ 2020 код, холбогдох хуулиудад хийсэн тайлан илтгэлтэй ажлын хэсгийн гишүүд танилцан, санал зөвлөмжөө ирүүлж байна. Энэхүү ажилд техникийн тусламж үзүүлэхээр АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд олон улсын нэг, үндэсний хоёр зөвлөх ажлын хэсэг, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж байна.

б) Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, сэтгүүлчид, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн зэрэг оролцогч талуудтай мэдээлэл хуваалцах, сургалт сурталчилгаа мөн зохион явууллаа. МОНВАЛ болон Эрдэс баялаг, хүдрийн нөөцийг олон нийтэд мэдээлэх Монгол улсын код танилцуулах сургалт уулзалтуудад 30 орчим геологич, олон улсын хөрөнгийн үнэлгээний кодын сургалтад Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 20 үнэлгээч хамрагдаад байна. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд мөн МОНВАЛ кодыг танилцуулсан болно.

в) Олон улсын зөвлөх Стив Гемелл ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийх олон улсын шилдэг туршлага, Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний загвараар өөрийн хөрөнгийн үнэлгээний код боловсруулсан таван улсын жишээг Монголын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулж, сургалт уулзалт зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо, ажлын хэсэгт Олон улсын хөрөнгийн үнэлгээний загвар, туршлагуудын талаарх бүх мэдээллийг англи, монгол хэлээр хүргүүлээд байна.
 
2. Техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой дүрэм журмыг шинэчлэхэд  тусламж үзүүлэх

а) АМЕП 2 Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай (УУХҮЯ) хамтран Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, түүнийг хүлээн авах, хянан нягтлах, хэрэгжүүлэхтэй холбоотой харьцуулсан судалгаа хийх шаардлагатай байгааг олж тогтоосон юм. АМЕП 2-ын зөвлөх УУХҮЯ-ны хүсэлтийн дагуу ТЭЗҮ боловсруулах, хүлээн авах, хянах, хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэлээ.

б) УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөрөөр ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АМЕП 2, Ашигт малтмал газрын тосны газар, Ил уурхайн инженерүүдийн холбоо, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уул уурхайн аврах анги, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл багтжээ. ТЭЗҮ-ийн талаарх суурь ойлголт, үндсэн танилцуулга, Монгол дахь дүрэм журмыг олон улсын шилдэг туршлагатай харьцуулсан үнэлгээ зэргийг АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.

в) АМЕП 2-оос зохион явуулсан “ТЭЗҮ-ийн олон улсын шилдэг туршлага” мэдээлэл солилцох уулзалтад УУХҮЯ-ны 4, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны 16, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 10 мэргэжилтэн хамрагдлаа. Мөн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 30 төлөөлөл оролцсон дугуй ширээний уулзалтаар ТЭЗҮ-тэй холбоотой одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль дүрмийн давуу болон сул тал, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар ярилцсан. Эдгээр уулзалт, зөвлөгөөний үеэр гарсан санал зөвлөмжийг нэгтгэн, хууль дүрмийн шинэчлэл хийхдээ харгалзан үзэхийг холбогдох газруудад нь уламжиллаа.

3. Үнэ шилжүүлэлтийг зохицуулсан шинэ дүрэм хэрэгжүүлэхэд туслах

Австрали, Монголын татварын ерөнхий газрын хооронд стратегийн хамтын ажиллагаа тогтоохоор АМЕП 2 ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Австралийн татварын албаны мэргэжилтэн Монголын Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, үнэ шилжилтийг зохицуулсан шинэ дүрэм журмыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар туршлага хуваалцана.
 
4. Монголын Геологийн мэдээллийн Каталог системд нэмэлт мэдээлэл оруулах

АМЕП хөтөлбөрийн геологичид Монголын геологийн мэдээллийн каталогийн сан буюу mris.mn цахим хуудсанд 452 тайлан мэдээлэл нэмж орууллаа. Энэ цахим хуудас нь Монголд хийгдсэн геологи, ус, эрдэс баялгийн эрэл хайгуулын мэдээллийг дэлхийн хаанаас ч англи, монгол хэлээр авах боломжтой болгосноороо дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал хувь нэмэр оруулж байна. 2017 оны 8 дугаар сард нээгдсэнээс хойш тус цахим хуудсанд нийт 119 мянган хэрэглэгч нэвтэрч, мэдээ мэдээлэл авчээ. Эдгээрийн 13 мянга нь дотоодоос, харин 2,083 хэрэглэгч хилийн чанадаас буюу 59 орноос хандсан байна.

5. Нүүрсний давхаргын метан хий – Австралийн эрх зүйн орчны сайн туршлага

УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, салбарын мэргэжилтнүүд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, боловсруулалтын зохицуулалт, эрх зүйн орчны туршлага судлах хүсэлтээ АМЕП 2-т илэрхийлсний дагуу Австралийн Куинслэндийн их сургуулийн Байгалийн хийн судалгааны төвтэй хамтран ажиллах эхний суурийг тавилаа.  Тус төвийн эрдэмтэн судлаачид нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, боловсруулалтыг зохицуулсан дүрэм журам, орж ирж болох ашгийг харуулсан загварчлал гаргана. Мөн нүүрсний хийн давхаргын метан хийтэй холбоотой дүрэм журам нь Куинслэнд мужид одоо хэрэгжиж буй нүүрс, хийн лицензийг зохицуулсан дүрэм журамтай хэрхэн давхардаж болох, тэдгээрийг яаж зохицуулах боломжтой талаар судалгаа зөвлөмж боловсруулна. Куинслэндийн их сургуультай хамтран ажиллах гэрээ, заалтууд хэлэлцээний шатанд явж байна.

6. Хайгуул болон олборлох үйл ажиллагааны нягтлах бодох бүртгэлийн стандарт хэрэгжүүлэх заавар боловсруулах

Уул уурхайн компаниуд уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн сан үүсгэж, түүнийгээ Сангийн яамны баталсан стандартын дагуу санхүүгийн тайландаа тусгах үүрэгтэй. АМЕП 2 аудитын тэргүүлэх фирм болох KPMG-г гэрээлэн, Хaйгуул болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандартыг хэрэгжүүлэхэд нь Сангийн яамны холбогдох хэлтэс, мэргэжилтнүүдэд зөвлөн ажиллаж байна.
 
2019-2020 оны санхүүгийн жил энэ оны 6 дугаар сарын 30-наар дуусгавар болно. Үлдсэн хугацаанд АМЕП 2 дээрх хөтөлбөрүүд дээр үргэлжлүүлэн ажиллана. Үүний хажуугаар АМЕП 2 ирэх жилийн ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ сонгон шалгаруулж байгаа тул бидэнтэй хамтран ажилладаг болон хамтран ажиллах сонирхолтой төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагааны төлөвлөлтдөө урьж байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад танай байгууллагын үйл ажиллагаа чиглэгддэг бол бидэнтэй холбогдож, төслийн санаа бодлоо хуваалцаарай. Манай техникийн туслалцаа танд ч хамаарч болох юм.
 

Санал болгох