АМЕП хөтөлбөр нь 2015 онд эхэлснээсээ хойш жил бүр 5-10 төслийг олон арван хамтрагч байгууллага болох төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлсэн билээ. Эдгээрийн нэг нь 2019-2020 онд хэрэгжүүлсэн “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код” боловсруулах төсөл болон 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний арга аргачлал боловсруулах, сургалт зохион байгуулах” төслүүд юм. АМЕП хөтөлбөр 2024 оны эхний улиралд хаагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж байгаа билээ. Энэ ч үүднээс дээрх хоёр төслийг хамтран хэрэгжүүлсэн Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ” хорооны удирдлагатай уулзаж, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дүгнэн ярилцсанаас гадна хорооны одоо хийгдэж байгаа ажлууд болон цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонслоо.
АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 онд хэрэгжүүлсэн “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодекс” боловсруулах төслийн үр дүнд ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний Олон улсын стандартыг судалж, Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний
кодын эхний хувилбарыг боловсруулсан.
Түүнчлэн төсөл хэрэгжиж байх явцад Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ” хороо байгуулагдсан бөгөөд Олон улсын нөөц, баялгийг тайлагнах стандартын хороо (CRIRSCO)-ны албан ёсны гишүүн Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт (2014), Үнэлгээний олон улсын стандартын консул (IVSC)-ын албан ёсны гишүүн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт (1997) нь хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 2021 оны хоёрдугаар сард хороог байгуулсан юм.
Цаашилбал, АМЕП 2 хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний арга аргачлалыг боловсруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах” төслөөр “МОНВАЛ” хороо, Австралазийн Уул Уурхайн Институт (AusIMM)”-тэй хамтран дотоодын геологи, уул уурхайн инженер болон үнэлгээний мэргэжилтнүүдэд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний арга зүй, “МОНВАЛ” кодыг танилцуулах, олон улсын сайн туршлага бүхий багц сургалтыг зохион байгуулсан.
Монгол Улс нь ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код, арга аргачлалтай болсноор олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл, уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтын үнэлгээг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэх юм. Тодруулбал, Монголын уул уурхайн компаниудад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл, үнэмшил нэмэгдэх, олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэх, ашигт малтмалын хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоох, мөн дотоодын компаниудад олон улсын хөрөнгийн зах зээлд гарах нөхцөл бүрдэх давуу талтай билээ.