Dec 09, 2019

МУ-ын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код боловсруулж байна

2019 оны 12 дугаар сар. Улаанбаатар хот. Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код “МонВал”-ыг боловсруулах ажлын хэсгийг Санхүүгийн зохицуулах хороо ахалж байна. Монгол Улс Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг оронд хэрэглэгддэг ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодтой ижил төстэй өөрийн гэсэн кодтой болохоор ажиллаж байгаа юм.  Дээрх орнууд олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын дагуу тус тусын үнэлгээний кодоо боловсруулсан байдаг. 
Чөлөөт зах зээлд орд газар ямар үнэ хүрэхийг тооцоолон гаргахыг Хөрөнгийн үнэлгээ гэнэ. Ашигт малтмалын орд газрыг үнэлэхдээ мэргэжлийн үнэлгээч ямар зарчим, арга туршлага баримтлах ёстойг МонВал кодоор зааж өгөх юм. Ингэж орд газрын үнэлгээ хийснээр тухайн баялгийг хөрөнгийн биржээр арилжаалах зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжууд бүрддэг.

Австрали Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар 2019 оны 11, 12 дугаар сард Олон улсын хөрөнгийн үнэлгээний хорооны дарга Стив Гемелл Улаанбаатарт ажиллалаа. Тэрээр МонВал код боловсруулах, Санхүүгийн зохицуулах хорооны удирдаж байгаа ажлын хэсэгтэй уулзсан юм.

Ноён Гемелл ажлын хэсэг, мэргэжлийн холбоодын гишүүдэд олон улсын код, үнэлгээ хийх арга туршлагаас танилцуулсан. Түүний илтгэлийг энд дарж үзнэ үү. Мөн Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хорооноос гаргасан Ашигт Малтмалын Хөрөнгийн Үнэлгээ хийх загварыг эндээс үзэж болно.

Санал болгох