Dec 08, 2020
АМЕП хөтөлбөрөөс 2020-21 онд хэрэгжүүлэх төслүүд
АМЕП хөтөлбөр оролцогч талуудтай хамтран 2020-21 онд хэрэгжүүлэх зургаан төслөө танилцуулж байгаадаа баяртай байна. Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол улсын Сангийн яам эдгээр төслийг баталсан. Төсөл тус бүр Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн АМЕП хөтөлбөрийн зорилготой нийцэж байна. Төслүүдийг танилцуулбал:
Хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэх. Энэ төслийн хүрээнд УУХҮЯ-тай хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэхэд хамтран ажиллана. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль эрх зүйн орчин нь Монгол улсын өрсөлдөх чадварын нэг үзүүлэлт байдаг. Энэ төслийн хүрээнд Монгол улстай ижил төстэй Австралийн зарим муж улсын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх судалгааны тайлан, геологийн мэдээллийг тусгай зөвшөөрлийн зохицуулалтад хэрхэн ашиглах боломжтой тухай, хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх олон улсын сайн туршлагыг судлан танилцуулна. Энэ төсөл нь Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтод дорвитой өөрчлөлт хийх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, нээлттэй бизнесийн орчин бүрдүүлэх чин хүсэлтэй байгааг хөрөнгө оруулагчдад харуулж байна.
Эрэл хайгуул, нөөц баялгийг тайлагнах журам боловсруулах. УУХҮЯ, АМЕП хөтөлбөрийн захиалгаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн харъяа Эрдэс баялаг, геомэдээллийн сургалтын төв хөнгөн цагаан, литий-цезий, газрын ховор элемент, бал чулуу, давс, карбонат чулуулаг, элс хайрга гэсэн долоон төрлийн ашигт малтмалыг эрж хайх, нөөцийг тайлагнах аргачилсан зааварчилгаа боловсруулна. Энэ зааварчилгааг мөрдөж, стандартчилснаар дээрх долоон ашигт малтмалын нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй, ил тод болгоно.
Байгаль орчны аудитын институтийн чадавхийг сайжруулах. 2019 оны 12 дугаар сард батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/809 дүгээр тушаалаар Монгол улсад байгаль орчны аудит хийж гүйцэтгэх ерөнхий зааврыг баталсан. Харин энэ зааврыг хэрэгжүүлэх арга аргачлал боловсруулж, сургалт явуулснаар Монголын байгаль орчны аудиторууд ерөнхий зааврыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх боломжтой болох юм. Тиймээс БОАЖЯ, АМЕП хөтөлбөр хамтран, Байгаль орчны аудитын холбоо (БОАХ) байгаль орчны аудиторуудын мэргэшсэн байдлыг гэрчилгээжүүлэх, аудиторуудын мэдлэг, ур чадварын стандарт, ёс зүйн хэм хэмжээг тусгасан сургалтын модулиудыг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. БОАХ мөн хараат бус байдлаар, бие даан ажиллах, байгаль орчны аудиторуудад мэргэшсэн байдлыг баталгаажуулж гэрчилгээ олгох, компаниудын чанарын гүйцэтгэлийг батламжлахад шаардагдах бүтэц, удирдлага, зохион байгуулалт хийх шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Энэ төсөл нь Монгол улсад байгаль орчны аудитын үйл ажиллагааны чанар, стандартыг сайжруулах, хуулинд заасан шаардлагуудыг аудитын компани, аудиторууд биелүүлдэг болоход чухал ач холбогдолтой. Аудитын чанар, стандартыг тодорхой болгож, сайжруулснаар уул уурхайн компаниудын байгаль орчны менежментэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд байгаль орчны ерөнхий гүйцэтгэлийг ахиулах боломжтой.
Дагалдах элементүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох. Сангийн яам (СЯ), Татварын ерөнхий газар (ТЕГ), Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газартай зөвлөлдсөний үндсэн дээр УУХҮЯ ашигт малтмалын баяжмалд агуулагдах дагалдах элементүүдэд ногдуулах АМНАТ-тэй холбоотой журам, заавруудыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд АМЕП хөтөлбөр гурван ажил хийж гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, баяжмалд агуулагдах дагалдах элементэд нөөцийн төлбөр ногдуулах олон улсын шилдэг туршлага, эрх зүйн зохицуулалтыг судална. Хоёрт, дагалдах элементүүдийг тооцоолох шинэчилсэн арга зүй боловсруулна. Гуравдугаарт, Монгол, Австралийн Сангийн яамны мэргэжилтнүүдийг холбож, АМНАТ тооцох аргачлал, Австралийн туршлага судлах цахим уулзалтууд зохион байгуулна. Энэ төсөл нь Монгол улсын ашигт малтмалын АМНАТ тооцох хуулиудад буй зөрүүтэй заалтуудыг засч сайжруулах, УУХҮЯ, СЯ, ТЕГ-ын мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой болоход нь чухал ач холбогдолтой. Монгол улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд салбарын хэмжээний шинэчлэлтүүд хийхэд бэлэн буйг энэ төсөл олон улсын хөрөнгө оруулагчдад харуулна.
Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд иргэдийн оролцоог сайжруулах нь. Монгол улсад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд мөрдөгддөг дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор АМЕП хөтөлбөр БОАЖЯ-тай зөвлөлдөн, нэг сум сонгож, судалгаа хийнэ. Энэ кэйс судалгаа нь хэд хэдэн асуултад хариулт олох зорилготой. Тухайлбал, нутгийн иргэдэд хурлын зар амжилттай хүргэх, хурлыг үр дүнтэй зохион байгуулах, хэдэн хүн оролцсон байх ёстой, төлөөллийг хэрхэн хангах, иргэдийн санаа бодлыг яаж тэмдэглэн авах, тэдгээрийг тайлан илтгэлд хэрхэн тусгах, БОАЖЯ-нд хүргүүлэх, хурлын сэдэв байгаль орчны нөлөөлөх байдлын дэлгэрэнгүй үнэлгээтэй холбоотой асуудлуудад төвлөрсөн эсэх зэрэг асуулт болно. Кэйс судалгааны үр дүнд тулгуурлан, АМЕП хөтөлбөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 онд баталсан А-03 тушаалд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар төлөвлөж байна. Уурхайн төсөл эхлэхээс өмнө буюу төслийн эхний үе шатанд орон нутгийн иргэд, засгийн газар, уурхайн компани хоорондоо үр дүнтэй, эерэг харилцаа үүсгэж, байгаль орчны нөлөө, менежментийн асуудлаар шийдвэр гаргадаг болоход сайдын тушаалд оруулах нэмэлт өөрчлөлт ач холбогдолтой юм.
"Зохистой татварын хэмжээ" судалгаа. Эрдэс баялгийн салбарын өсөлтийг дэмжих зорилгоор олон улсад татварын үр нөлөөтэй хувь хэмжээг тооцоолон гаргадаг. Ингэхдээ мөрдөгдөж буй татварын хэмжээ, АМНАТ, элэгдэл хорогдлын хэмжээ, тухайн орны эрсдэл, эзэмшилийн зохицуулалт, дотоодын зардал зэрэгт үндэслэн, загварчлал боловсруулдаг. Энэ судалгааны төсөл нь Монгол улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд анхаарч буйг олон улсын хөрөнгө оруулагчдад харуулна. Монгол улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас үүдэн гарах эдийн засийн хүндрэлийг даван туулах, салбарын өсөлтөд анхааран ажиллаж буй энэ үед тус судалгаа хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.