Mar 13, 2024

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ҮҮД ХААЛГА НЭЭСЭН “МОНГЕОКАТ”

Монгол Улс 2017 онд геологийн цахим мэдээллийн “МонГеоКат” (Mon- GeoCat) мета дата-каталогийг хөгжүүлж нэвтрүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд (УУХҮЯ) харьяалагдаж буй энэхүү “МонГеоКат” каталогийг хөгжүүлэхэд Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEП)-ийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм. “МонГеоКат” нь Монгол Улсын геологийн
мета өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгож, одоогийн болон ирээдүйн хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах, Монгол Улсад хөрөнгө оруулахад нь тус дөхөм болж байна.
2015 оноос хойш AMEП хөтөлбөр нь “МонГеоКат” каталогийг хөгжүүлэх, түүний тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр зургаан төсөл, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг сайжруулах, цахимжуулалтын чиглэлээр арван гурван төслийг тус тус хэрэгжүүлжээ.
AMEП 1 хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө жилийн тайлан, хайгуулын тайлан, ТЭЗҮ, геологийн тайлан зэрэг баримт бичгүүдийг (ойролцоогоор 5,800 гаруй) УУХҮЯ болон түүний харъяа байгууллагуудад цаасан хэлбэрээр хадгалдаг байв. УУХҮЯ-ны зүгээс хүсэлт ирүүлсний дагуу АМЕП хөтөлбөр судалгаа шинжилгээ, каталогийн хөгжүүлэлт, ажилчдын цалин хөлс, каталогийг олон нийтэд таниулан сурталчлах сургалт семинар, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж зэрэг каталогийн хөгжүүлэлттэй холбогдон гарсан бүх зардлыг санхүүжүүлжээ.

Тус төслийн гол үр дүнг тоймлоё:

  • AMEП нь дэлхийн хаанаас ч Монгол Улсын геологийн мэдээллийг нээлттэй авах боломжийг олгосон “МонГеоКат”-ийг хөгжүүлэх, түүний тогтвортой ажиллагааг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэв.

  • ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн болон Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны аль алинтай нь AMEП хамтран ажиллаж Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны шууд оролцоотойгоор техникийн дэмжлэг үзүүлсэн.

  • 2023 оны 6 сарын байдлаас харахад МонГеоКат каталогт 8,275 геологийн тайланг байршуулснаар дэлхийн 21,673 хэрэглэгч 163,488 удаа ханджээ.

Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдэгээр “МонГеоКат” каталог шалгарсан нь үүний чанар, үр дүнтэй байдлын тод илрэл гэж хэлж болно.

“Фрейзерийн хүрээлэн”-гээс жил бүр гаргадаг улс орнуудын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах чадварыг үнэлдэг судалгаанд Монгол Улсын геологийн мэдээллийн сангийн үзүүлэлтээр нь таатай гэж үзсэн хөрөнгө оруулагчдын тоо нь 36 хувиас (2016)

75 хувь (2017) болж нэмэгдэхэд “МонГеоКат” эерэгээр нөлөөлсөн юм.

“МонГеоКат”-аас мэдээллийг Англи, Монгол хэл дээр авах боломжтой бөгөөд интернетэд холбогдсон ямар ч хэрэглэгч ашиглах боломжтой. МонГеоКат нь эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын

орчныг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байна. Геологийн мэдээллийн санг цаасан хэлбэрээс цахим хэлбэрт хөрвүүлсэн явдал нь салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой мэдээллийн нөөцийн ил тод байдал, өргөн хүртээмжийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Геологийн мэдээллийг цахимжуулснаар уул уурхайн салбарт анхлан хөрөнгө оруулагч компаниудын мэдээлэл олж авах зардал ихээхэн буурах бөгөөд төрөөс урьдчилж мэ- дээллээр хангах нь нөөцийн хайгуулд хөрөн- гө оруулалтыг татах баталгаатай арга юм.

Нээлттэй порталыг бий болгосны үр дүнд Монгол Улсын засаглал, ил тод байдал сайжирч, авлига буурахаас гадна хөрөнгө оруулагчдын итгэл, төр засгийн нэр хүнд нэмэгдэх болно. Түүнчлэн, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангаснаар орон нутгийн хөгжил, төлөвлөлтийг сайжруулахад тус дөхөм болох юм.

Б.БААТАРЦОГТ
АМГТГ-ын дарга (2016-2017)

МонГеоКат каталогийг хөгжүүлэхээс өмнө геологийн судалгааны тайлан орос, монгол хэл дээр бичигдсэн 400 орчим хуудастай цаасан хэлбэртэй байв. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас геологийн мэдээлэл авахыг хүсдэг ч АМГТГ-ын мэдээлэл нь цаасан архив хэлбэртэй тул хэрэгцээт мэдээллээ олж авахын тулд геологийн мэдлэгтэй орчуулагч хөлсөлж авах шаардлага тулгардаг байлаа. Төрийн албан хаагчдын хувьд ч мөн адил хүндрэлтэй. Бид аливаа геологийн тандалт судалгааны үр дүнг гадаадын төлөөлөгч, геологичдод танилцуулахын тулд холбогдох геологийн судалгааны тайланг дахин дахин орчуулах шаардлага гардаг байлаа.

Н.Мөнхбилэг
АМГТГ-ын Эрдэс баялаг,
мэдээллийн төвийн дарга (2018-2020)

МонГеоКат каталог нь шаардлагатай бүх алхмуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлсэнээрээ амжилттай болсон. Каталогийг хөгжүүлэх үйл явц, шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалт, Геологийн архив, Төвийн цаасан тайланг ангилах зэрэг ажлыг цаг алдалгүй нэгэн зэрэг хэрэгжүүлсэн. БНЧУ-ын нэгэн төрийн түшээ манай каталогтай танилцаад “Танайх бидний 10 жилд хийсэн ажлыг 2 жилийн хугацаанд хийжээ” гэж бидний хөдөлмөрийг үнэлж байсан нь маш их урам зориг өгсөн.

А.БАТТҮШИГ
АМГТГ-ын мэдээллийн сангийн ажилтан (2018-2020)

Өмнө нь Геологийн төв архивын (одоогийн Үндэсний геологийн алба) ажилтнууд геологийн тайлангаа газрын зурагтай тулгахын тулд биеэр очиж тайлангийн дугаарыг заасан хүсэлтийг бичгээр гаргаад архиваас цаасан тайланг авч газрын зурагтай тулгадаг байсан. Тэр үед батлагдсан геологийн нөөцийн тайлангийн зарим хэсгийг геологийн салбарын арга хэмжээний үеэр мэдээлэл болгон тараадаг байсан. Тайлан дээр боловсруулсан зохиогч, хугацаа, байршлыг заадаг боловч газарзүйн координат болон бусад чухал мэдээллийг нэмж оруулах шаардлагатай байсан. МонГеоКат каталогийн мэдээлэл нь зохиогчийн мэдээлэл, газарзүйн байршил, координат бүхий тайлангийн тоон үзүүлэлтийг агуулахын зэрэгцээ мэдээлэл авч ашиглах цаг хугацааг хэмнэдэг.

Г. Золсайхан
АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн төвийн дарга (2016-2018)

 

Жил бүр зохиогддог Дэлхийн гео- орон зайн форум нь 2018 онд Энэтхэгийн Хайдарабад хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 80 гаруй орны 500 гаруй мэргэжлийн, төрийн бус, шинжлэх ухааны байгууллагууд, 1000 гаруй судлаачид оролцсон. Дэлхийн хэмжээний энэхүү интерактив платформын чуулга уулзалтад Монголын МонГеоКат каталог оны газарзүйн Шилдэг системээр шалгарсан. Уг шагналыг судлаач, мэргэжилтнүүдэд гардуулсан бөгөөд систем нь нээлттэй, хүртээмжтэй мэдээллийн сан, төрийн байгууллагын мэдээллийн дата-каталог гэдгээрээ ялгарсан. МонГеоКат нь газарзүй, геологийн мэдээллийг хамарсан эрдэс баялгийн мэдээллийн каталог гэдгээрээ онцлогтой.

 

Санал болгох